Онцгой байдлын Ерөнхий газар, Нийслэлийн Газрын албатай хамтран үерийн даланд буусан 2000 гаруй айлд шаардах бичиг хүргүүлжээ. Тэдгээр айлууд дэд бүтэц хөгжөөгүй, худгаас хол, гэрэл цахилгаангүй зэрэг шалтгаанаар нүүхгүй байгаа аж. Их хэмжээний аадар борооны улмаас айлуудын бие засах газар хальж, халдварт өвчин тусах магадлал өндөр байгаа юм. Тиймээс халдваргүйжүүлэлтийг Нийслэлийн эрүүл мэндийн газар, ОБЕГ зэрэг байгууллагууд хамтран хийсэн. ОБЕГ-ын мэдээлж буйгаар үер усны аюул ихтэй байгаа энэ үед иргэд баталгаагүй гүүрээр гарснаас голд унаж осолдох тохиолдол байна. Мөн хөдөө орон нутаг, уул уурхайн компанийн орчим дахь хиймэл гол нууруудад хүмүүс унаж осолдох явдал ч гарчээ. Тиймээс тэдгээр газарт таних тэмдэг тавих ажлыг ОБЕГ-аас орон нутгуудад үүрэг өгчээ. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Баруун-Уртад өнгөрсөн сарын 25-ны орой орсон хүчтэй аадар борооноос үүссэн тогтоол усанд 9-12 насны хоёр эрэгтэй хүүхэд, мөн Ховд аймгийн Жаргалант сумын Буянт голд ой гарантай, Хэнтий аймагт хоёр настай хүүхэд осолдсон байна. Одоогоор голын усанд нийтдээ долоо, үерт нэг хүүхэд осолдож нас барсан байна.Д.Ундрах 24tsag.mn



















































