Академич И.П.Павловыг Монгол дуулаагүй хүн цөөхөн ч мэддэг хүн тун цөөн. Иван Петрович Павлов (1849 – 1936) бол оросын анхны Нобелийн шагналт (1904), физиологич, дээд мэдрэлийн үйл ажиллагааны шинжлэх ухааныг үндэслэгч суут эрдэмтэн юм. И.П.Павлов бидний байнга ярьдаг рефлексийн онолыг үндэслэж, түүнийг анх удаа нөхцөлт болон нөхцөлт бус гэж ангилсан. 1935 онд болсон Дэлхийн физиологичдын их Хурлаар түүнд “Бүх физиологчдын ахлагч” алдар хүртээсэн.
Тэрбээр онд 1918 оны 5-8 дугаар сард нийт 3 лекц уншсан ба үүний нэг нь “Ерөөс оюун ухааны, тухайлбал орос ухааны тухай” гэсэн ерөнхий нэртэй лекц юм. Энэ нь монголчууд бидний зан үйлдэл, сэтгэлгээтэй ихээхэн төстэй, бас ихээхэн сургамжтай учир зориуд орчуулан хүргэж байна.
Эрхэмсэг ноёд оо ! Бид бүхний амсан өнгөрүүлж буй энэ бурангуй үед нэлээд гунигтай зүйлс ярих гэж байгааг минь хүлцэн уучлахыг хүсч байна. Гэхдээ агуу их Орос орны мөхлийн энэ цаг үед манай сэхээтнүүд, өөрөөр хэлбэл эх орны тархи болсон хүмүүс баярлан хөөрөх эрхгүй гэж би бодож байна, чухамдаа бол ингэж хэлэхийг хүсч байна. Бид бүхэнд нэг л хэрэгцээ, нэг л үүрэг байх ёстой ба энэ нь өөрөө өөрсдийгөө харах, орчин тойрноо өөрсдийгөө хууралгүй харах гэсэн бидэнд үлдсэн орь ганц нэр төр, давуу талаа хадгалан үлдэх явдал юм. Чухамхүү энэ сэдлийн улмаас манай орос ухаанд холбогдох миний амьдралын сэтгэгдэл, ажиглалтад Та бүхний анхаарлыг хандуулахыг би өөрийн үүрэг гэж үзэж байна. Гэхдээ энэ лекцийг хоёр хуваан хүргэж байна. Энэ эхний хэсэг…
Гурван долоо хоногийн өмнө би энэ сэдэв рүү орсон бөгөөд одоо энэ лекцийнхээ ерөнхий бүтцийг товч сануулж, нөхөн сэргээе. Ухаан бол асар том, өргөн сэдэв мөн. Түүнд хэрхэн хүрэх вэ ? Би энэ зорилтыг ажил хэрэгтээ хохиролгүйгээр хялбарчилж чадсан гэж зоригтойгоор хэлэх байна. Би энэ асуудалд цэвэр практик талаас хандаж байна. Би ухааны талаарх гүн ухааны болон сэтгэл зүйн тодорхойлолтоос татгалзаж, шинжлэх ухааны лаборатори, зарим талаар утга зохиол дахь миний хувийн туршлагад маш тодорхой байдаг ухааны нэг л төрөл дээр тогтсон ба энэ бол эерэг шинжлэх ухаануудыг боловсруулж байдаг шинжлэх ухааны ухаан, тухайлбал байгал шинжлэлийн шинжлэх ухааны ухаан юм.
Би байгал шинжлэлийн шинжлэх ухааны ухаан ямар зорилтууд дэвшүүлдэг, энэ зорилтдоо яаж хүрдгийг авч үзээд энэхүү ухааны зориулалт, түүний мөн чанар, ажлаа үр ашигтай болгохын тулд тэр ухааны хэрэглэдэг аргуудыг тодорхойлсон юм. Миний энэ мэдээллээс байгалийн шинжлэлийн шинжлэх ухааны ухааны зорилт бол бодит байдлын маш өчүүхэн хэсгийг өөрөө сонгон авч, өөрийн өрөөнд урьж, энэхүү бодит байдал хийгээд түүний элементүүд, бүтэц, элементүүдийн холбоо, түүний дэс дараалал зэргийг нарийн тодорхой авч үзэх, чингэхдээ бодит байдлыг урьдчилан хэлэх, хэрэв өөрийн техникийн болон материаллаг хэрэгслийн хүрээнд багтаж байвал бодит байдлыг удирдах явдал байдаг.
Ийнхүү ухааны гол зорилт бол бодит байдлыг зөв харах, түүнийг тов тодорхой, яг таг танин мэдэх явдал мөн. Дараа нь би энэхүү ухаан хэрхэн ажилладаг асуудлыг авч үзсэн юм. Би энэхүү ажилд нэвтэрсэн, ажлын амжилтыг хангаж байдаг ухааны бүх шинж, бүх аргыг ялган үзэв. Ухааны ажлын үнэн зөв хийгээд зүй зохистой гэдгийг мэдээж хэрэг маш амархан тодорхойлж, ажлын үр дүнгээр нь шалгаж болно. Хэрэв ухаан муу ажиллавал хий буудах ба эндээс сайн үр дүн гарахгүй нь мэдээж хэрэг бөгөөд зорилгодоо хүрэхгүй үлдэнэ.
Цаашаагаа бид ажиллаж буй ухаан ямар ямар шинж чанар, ямар аргуудыг ашигладаг тухайд маш нарийн тодорхойлолт өгч болно. Би ухааны хэрэглэдэг аргуудын нийт 8 шинж чанарыг олж тогтоосон бөгөөд өнөөдөр түүнийгээ тусгайлан орос ухаанд холбогдуулан тоочих болно. Энэхүү байгалийн шинжлэх ухааны төгс ухаантай харьцуулж, жишихийн тулд Орос ухаанаас юуг нь авах ёстой вэ ? Орос ухаан юу хардаг вэ ? Энэ асуудал дээр заавал тогтож ярих хэрэгтэй. Мэдээж хэрэг ухааны хэд хэдэн төрөл буй:
Нэгдүгээрт, оросын шинжлэх ухааныг боловсруулахад оролцож буй шинжлэх ухааны орос ухаан. Энэ ухаан дээр бид зогсох хэрэггүй гэж бодож байна. Учир нь ийм юм. Энэ ухаан бол онцгой нөхцөл байдалд ажиллаж буй нэлээд хэмжээгээр ялгарсан хүлэмжийн (оранжерейный) ухаан юм. Тэрбээр бодит байдлын бяцхан хэрчмийг сонгон авч, түүнийгээ онцгой нөхцөлд оруулж, түүнд урьдчилан боловсруулсан аргуудаар ханддаг. Түүгээр ч үл барам энэ ухаан бодит байдал аль хэдийн системчлэгдэж, амьдралын зайлшгүйн гадна, хүслийн гадна байсан ч бодит байдал руу хандаж байдаг.
Ингэхлээр энэ бол амьдралд үйлчлэн буй тэрхүү ухааны ажлаас хол ахисан, хөнгөвчлөгдсөн хийгээд онцгой ажил юм. Энэхүү ухааныг тодорхойлохдоо үндэстний ухааны боломжийн тухай л ярьж болно.
Цаашаа. Энэ ухаан бол ард түмний тун өчүүхэн хэсгийг хамарсан хэсэгчилсэн ухаан юм, ийм учраас тэрбээр бүх ард түмний ухааныг бүхэлд нь тодорхойлж чадахгүй. Эрдэмтдийн тоо, би жинхэнэ эрдэмтдийг энд ойлгож байгаа нь мэдээж хэрэг, ялангуяа хоцрогдсон орнуудад тун цөөхөн байдаг.
Статистикаар бол янз бүрийн ард түмний шинжлэх ухааны бүтээмжийг тодорхойлж байдаг астрономийн чиглэлээр ажиллаж буй америкийн нэг эрдэмтэнд ногдох манай оросын бүтээмж тун өчүүхэн. Оросын бүтээмж Европын тэргүүний соёлтой орнуудын бүтээмжээс хэдэн арав дахин бага.
Дараа нь шинжлэх ухааны ухаан амьдрал хийгээд түүхэнд тун бага нөлөөлдөг. Зөвхөн сүүлийн жилүүдэд маш цөөн оронд шинжлэх ухаан амьдралын ач холбогдлоо олж, тэргүүлэх байр суурь эзлэх болов. Түүх бол шинжлэх ухааны нөлөөллийн гадуур явдаг ба тэрбээр өөр ухааны ажлаар тодорхойлогдож, төр улсын хувь заяа шинжлэх ухааны ухаанаас үл хамаарна.
Үүнийг бид маш тодорхой баримтаар нотолж болно. Польшийг аваад үзье. Польш суу ухаантан, ухаантны ухаантан Коперникийг дэлхийд өгсөн. Гэхдээ энэ нь улс төрийн амьдралаа эмгэнэлтэй төгсгөхөд саад болоогүй. Эсвэл Оросыг аваад үзье. Бид арван жилийн өмнө манай суу ухаантан Менделеевийгээ оршуулсан. Гэхдээ энэ нь Та бидний амсаж буй өнөөгийн байдалд саад болж чадаагүй. Ийм учраас цаашдаа шинжлэх ухааны ухааныг тооцохгүй байх нь зөв гэж би бодож байна.
Тэгээд би ямар ухааныг авч үзэх вэ ? Ард түмний хувь заяаг тодорхойлж байдаг олон түмний, амьдралын ерөнхий ухааныг авч үзэх нь мэдээж. Гэхдээ олон түмний ухааныг хувааж үзэх хэрэгтэй. Энэ нь нэгдүгээрт, доод олон түмний ухаан, дараа нь сэхээтний (интеллектуальный) ухаан болно.
Хэрэв ард түмний хувь заяаг тодорхойлж буй амьдралын ерөнхий ухааныг ярих юм бол доодос олон түмний ухааныг орхих ёстой мэт надад санагдаж байна. Оросыг аваад үзэхэд энэхүү олон түмний, өөрөөр хэлбэл тариачны ухаан давамгай.
Түүнийг бид хаана үзэж болох вэ ?
Огт үл өөрчлөгдөх тосгод гэж үү, эсвэл одоо болтол зун цагаар тосгоноор зугаалах азарган тахиа, эсвэл тосгоны цуглаан дээрх шахалдаан гэж үү ? Энд харин зуун жилийн өмнө байсан шиг харанхуй мунхаг үлдсэн юм. Саяхан би туркийн фронтоос буцан ирж байсан цэргүүдийг тахал дэлгэрэх аюулаас сэргийлэхийн тулд хорио цээрийн дэглэмд оруулах оролдлогын тухай сониноос уншлаа. Цэргүүд үүнийг зөвшөөрсөнгүй, “Энэ хориог чинь бид нулимаад хаяна, энэ бүхэн хөрөнгөтний зохиосон зүйл” гэж тэд хариулжээ.
Өөр нэг тохиолдол. Хэдхэн долоо хоногийн өмнө большевик засаг мандсан ид үед миний үйлчлэгч ах дээрээ очжээ, тэр нь яс махаа хүртэл социалист, усан цэрэг юмсанж. Тэрээр бүхий л муу муухай болгоныг хөрөнгөтнөөс болсон гэж үздэг ба чингэхдээ хөрөнгөтөн гэдэгтээ цэрэг, усан цэргүүдээс бусад бүх хүнийг ойлгодог аж. Түүнд Та нар хөрөнгөтөнгүй байж чадахгүй л болов уу, жишээлбэл холер гарлаа гэхэд Та нар эмчгүй бол яах вэ? гэж сануулахад энэ бүхэн шал дэмий зүйл гэж бахархалтайгаар мэдэгджээ. Тэр: “Холерыг эмч нар өөрсдөө гаргадаг нь аль эртнээс тодорхой” гэж хэлсэн байна. Ийм ухааны тухай ярьж, түүнд ямар нэг хариуцлага хүлээлгэж болно гэж үү ?
Ийм учраас би ярьж, тодорхойлж болох тэр зүйл, ирээдүйн мөн чанарыг тодорхойлох ач холбогдол бүхий тэр зүйл бол мэдээж хэрэг сэхээтний (интеллегентный) ухаан гэж би бодож байна. Түүний тодорхойлолт сонирхолтой, мөн чанар чухал юм.
Одоо Орост болж буй энэ явдал мэдээж хэрэг сэхээтний ухааны ажил, олон түмэн энд нэн идэвхигүй үүрэг гүйцэтгэсэн, тэд сэхээтнүүдийн залан чиглүүлж буй тэр л хөдөлгөөнийг хүлээн авсан мэт надад санагдаж байна. Үүнээс татгалзах нь шударга бус, зохисгүй явдал гэж би бодож байна.
Хэрэв харгис үзэл санаа засаг хийгээд дэг журмын зарчмаас дээгүүр байх аваас түүнийг зөвхөн амьдралд хэрэгжүүлдэг ба түүний хамт нэг талаас хууль ёс хийгээд гэгээрэл байхгүй үед ард түмнийг зэрлэг бүдүүлэг төлөв байдалд барьж байдаг, нөгөө талаас дэвшилтэт үзэл санаа бол ард түмнийг хувьсгалжуулах гэхээсээ илүү тэднийг гэгээрүүлж, соёлжуулахыг хичээж байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Та бид болж буй энэ зүйл тохиолдол биш, тэр нь хүндтэй шалтгаантай, энэ шалтгаан нь бидэнд өөрт маань, бидний мөн чанарт байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хангалттай боловсролтой хүмүүс юм.
Гэхдээ намайг дараах байдлаар үгүйсгэж болно. Шинжлэх ухааны ухаантай холбогдуулан миний өөрөө тогтоосон шалгууруудтай энэхүү сэхээтний ухаан хэрхэн харьцдаг вэ ? Энэ нь зүй зохистой, шударга байж чадах уу ? Яагаад үгүй гэж би асууж байна.
Учир нь ухаан тус бүрт нэг л зорилт байх бөгөөд энэ нь бодит байдлыг зөв харах, түүний ойлгож, үүнийхээ дагуу байх явдал мөн. Зөвхөн зугаа цэнгэлийн төлөө оршин буй ухаан байж болохгүй. Ухаан бол өөрийн гэсэн зорилтуудтай байх ёстой ба энэхүү зорилтууд нь аль ч тохиолдолд ав адилхан юм.
Ялгаа нь дараах зүйлд л буй: шинжлэх ухааны ухаан бол бодит байдлын жижигхэн хэсгийг мэддэг бол ердийн ухаан нь бүх амьдралын хэрэг юм. Мөн чанартаа зорилтууд нь ав адилхан, гэхдээ илүү нарийн, тэр тусмаа энд ерөөс ухаан ажиллахдаа ашиглаж байдаг тэр аргууд заавал оролцож байдаг.
Хэрэв шинжлэх ухааны ухаанаас тодорхой шинж шаарддаг бол амьдралын ухаанаас бүр ч илүүг шаардана. Энэ ч ойлгомжтой юм. Хэрэв би өөрөө буюу өөр хэн нэгэн зохих түвшинд байхгүй, хэрэгтэй шинж чанарыг олж чадахгүй, шинжлэх ухааны ажилдаа алдаа гаргасан бол энэ нь өчүүхэн жижиг гай зовлон юм. Би их л сайндаа хэдэн амьтан шал дэмий зарлагадаа биз, ингээд л бүх асуудал дуусна. Ерөнхий амьдралын ухааны хариуцлага маш их. Учир нь одоо болж буй тэр зүйлд бид өөрсдөө буруутай, үүний хариуцлага асар их.
Ийм маягаар би шинжлэх ухааны ухаанд хандаж, үр ашигтай ажиллахад шинжлэх ухааны ухаанд хэрэгтэй байгаа тэр чанар, аргууд хэр зэрэг байгааг сонирхож болно гэж би бодож байна.
Миний тогтоосон ухааны анхдугаар шинж бол бодол сэтгэлгээгээ онцгой их төвлөрүүлэх, цуцалтгүй бодох бодол сэтгэлгээгээний эрмэлзэл, шийдвэрлэхээр зорьсон тэр асуудал дээрээ өдөр, долоо хоног, сар, жилээр, зарим тохиолдолд бүхий амьдралынхаа туршид бат зогсох явдал болно. Энэ талаар орос ухаан ямар вэ ? Бид төвлөрүүлөн хүчлэх чадваргүй, түүнд дургүй, тэр ч байтугай тун муу ханддаг. Би амьдралын хэд хэдэн жишээ авъя.
Ухаандаа бидний маргаан байна. Энэ нь хэт тал тал тийш үсчсэн байдаг, бид үндсэн сэдвээсээ тэр дороо л гаждаг. Энэ нь бидний мөн чанар юм. Ухаандаа манай хуралдаан байна. Одоо ч манайд хуралдаан, комисс пиг дүүрэн. Манай хуралдаанууд сунжирсан урт, олон үг урсгасан, ихэнхи тохиолдолд үр дүнгүй бөгөөд зөрчилтэй байдаг. Бид юунд ч хүргэхгүй, үр ашиггүй ярианд хамаг цагаа үрдэг. Сэдвийг хэлэлцүүлэгт оруулахад эхэндээ уг зорилт маш нарийн байдгийн улмаас голдуу дуугай байх ба ярих дуртнууд бараг байдаггүй. Гэвч нэг санал гарлаа л бол түүний дараа бүгд ярихыг хүсч, толгойдоо орсныг чалчиж эхэлнэ, сэдвийн тухай огт боддоггүй ба энэ нь асуудлын шийдлийг хүндрүүлж байна уу, эсвэл нэмэр болж байна уу гэдгийг огт бодохгүй.
Ингээд үндсэн сэдвээсээ хамаагүй их хугацааг тоо томшгүй чалчаа санал болон үгэнд зарцуулж, бидний яриа цасан нуранги шиг болж өсдөг. Эцсийн эцэст асуудлыг шийдвэрлэхийн оронд түүнийг улам будлиантуулдаг.
Би нэг удаа өмнө нь Баруун европын нэг орны хамтлагийн гишүүн байсан нэгэн танилын хамт манай хамтлагийн хуралд хамт хуралдсан юм. Тэр манай сунжирсан, үр ашиггүй хуралдааныг гайхахгүй байж чадаагүй. Тэр: “Та нар яагаад ийм их ярьсан атлаа хуралдаанаасаа үр дүн гаргаж чаддаггүй юм бэ ?” гэж хэлсэн юм.
Цаашаа. Суралцаж буй орос хүмүүс, жишээлбэл оюутнуудыг аваад үзье. Бодол санаагаа төвлөрүүлэх гэсэн ухааны энэ шинжид тэд хэрхэн ханддаг вэ ?
Ноёд оо ! Ажил хэрэгтээ шунаж, номын ард сууж, эрэгцүүлэн бодож, сатаарахгүй, дэмий маргаанд оролцохгүй байгаа тийм хүмүүсийг Та бүхэн харж байсан, сайн мэднэ, гэхдээ түүнийг явцгүй, тэнэг, ядсан амьтан гэх сэжиг таамаг бидэнд төрдөг. Гэтэл энэ хүн бодол санаандаа бүхэлдээ автаж, өөрийн үзэл санаанд итгэсэн хүн байж болно шүү дээ. Эсвэл нийгэмд ч, ярианд ч тавигдсан асуудалд шууд хариулах, хүнийг асууж, дахин асууж, шалгаах явдал гарах ба энэ үед бидэнд ухаалаг бус, явцгүй, маанаг гэсэн бэлэн онош байдаг.
Биднийг удирдах шинж бол төвлөрөл биш, харин шахалт, хурдан хийх, нисэх зэрэг болох нь тодорхой байна. Үүнийг бид авъяас чадварын шинж гэж үзэх ба шаргуу байх, цуцалтгүй ажиллах зэрэг нь бидний авъяас чадварын тухай төсөөлөлтэй бараг авцалддаггүй. Гэтэл жинхэнэ ухааны хувьд бол эрэгцүүлэн бодох, нэг зүйл дээрээ удаан зогсох явдал хэвийн зүйл юм.
Гельмгольц хамгийн энгийн асуултад хэзээ ч шууд хариулт өгдөггүй гэж би түүний шавь нараас сонсож байсан. Тэр байнга, цаг үргэлж энэ асуудал угаасаа хоосон учраас дараа болъё гэж хэлдэг байсан ба гэхдээ л түүнийг хэд хэдэн өдрийн турш боддог байсан юм. Манай мэргэжилтнүүдийг аваад үзье. Хүн нэг асуудал зууралдаад ирэнгүүт л манайд “Хараач. Уйтгартай мэргэжилтэн” гэж ярьдаг. Гэтэл Баруунд чухам ийм мэргэжилтний үгийг сонсож, тэднийг үнэлж, ажил хэргээ мэддэг хүн гэж үнэлдэг. Энэ ч гайхалтай зүйл биш юм. Манай бүх амьдралыг ийм мэргэжилтнүүд хөтөлж байдаг, гэтэл бидний хувьд энэ нь уйтгартай хүн байдаг.
Ийм баримтуудтай хэдэн ч удаа тааралдав. Бидний хэн нь ч гэсэн шинжлэх ухааны тодорхой салбарт ажиллаж, түүнд хорхойтон автаж, сайн, эерэг үр дүнд хүрч, энэ болгондоо өөрийн баримт факт, ажлын тухай мэдээлдэг. Гэтэл олон түмэн: “Харав уу ? Тэр бүх юман дээр өөрийнхөөрөө зүтгэдэг” гэж хүлээн авдаг. Энэ нь маш том, чухал ажил байсан ч хамаагүй. Үгүй ээ, бидэнд уйтгартай байна, бидэнд шинэ юм өг гэдэг. Яая гэхэв. Бидний юмыг гялс манас хийх, тал тал тийш үсчих, хоосон гүйх чанар ухааны хүчийг харуулах уу, эсвэл сул доройг харуулах уу ?
Суут хүмүүсийг аваад үзье. Тэд ганц шинжээс бусдаар өөрийн болон бусад хүмүүсийн хооронд ямар ч ялгаа олж хардаггүй гэж өөрсдөө өгүүлдэг. Энэ нь тэдгээр суутнууд тодорхой бодол санаан дээр хэнээс ч илүү төвлөрч чаддаг байна. Иймээс нэг тодорхой зүйлд төвлөрөх явдал бол ухааны хүч, харин ийш тийш үсчих, хоосон гүйх бол ухааны сул тал юм.
Хэрэв би суутуудын өндөрлөгөөс бууж дунд зэргийн хүмүүс ажилладаг лабораторийн түвшинд ирсэн ч дээрхийг мөн л баталж болно. Өнгөрсөн лекцэн дээр би энэ сэдвийг ярих эрхтэй гэдгээ нотолсон. Би 18 жилийн турш бидний хамгийн ойрын, дотно амьтан болох нохойн дээр дээд мэдрэлийн үйл ажиллагааг судалж байна. Бидний хувьд маш нарийн асуудал, нохойн хувьд амар бөгөөд хөнгөн, бас үнэлэгддэг гэж төсөөлж болно. Энэ тохиолдлыг ашиглан Та бүхэнд төвлөрөх буюу үсчихийн аль нь хүч болдог гэдгийг харуулъя. Та бүхэнд ажлын хурдасгасан үр дүнг үзүүлж, нэн тодорхой тохиолдлыг ярих болно.
Би нохойг авч түүнд ямар ч муу зүйл юу ч хийхгүй. Би нохойг ширээн дээр тавьж, хааяа хооллохдоо дараах туршилтыг хийе. Би нохойнд ассоциаци гэгдэх адилтгах холбоо бий болгоно, жишээлбэл, би түүний чихэнд ямар нэг дуу авиа 10 секунд орчим сонсгож, хэсэг хугацааны дараа түүнийг хооллоё.
Ингэж хэд хэд давтсаны дараа энэхүү дуу авиа, хоол хоёрын хооронд ассоциаци буюу адилтгах холбоо тогтоно. Үүнээс өмнө нохойг хооллохгүй бөгөөд ийм холбоо маш хурдан үүснэ.
Дуу авиаг тавьмагц л нохой тайван байдлаа алдаж, хэл амаа долоох ба түүний шүлс асгарч эхэлнэ. Өөрөөр хэлбэл нохойнд хооллохоос өмнө голдуу үүсдэг яг тэр холбоо бий болно. Энгийнээр хэлбэл нохойнд дууны хамт хэдхэн хормын дараа түүнд өгөх хоолны тухай бодол үүснэ.
Яг ийм үед янз бүрийн амьтад яадаг вэ ? Ийм юм болдог. Энэ туршлагыг хэдэн удаа давтсан ч зарим төрлийн амьтад яг миний дүрсэлснээр үйлддэг. Дуу авиа гарах бүрт нохойнд хоолны дур орох бөгөөд энэ нь нэг сар, хоёр сар, жил болсон ч энэ хэвээрээ үлддэг. Гэхдээ зөвхөн ажил хэрэгч нохой л тэгдэг гэж ганц зүйл л нэмж хэлмээр байна. Хоол бол тун сүрхий зүйл бөгөөд амьтад түүн рүү тэмүүлж, бэлтгэж байдаг. Энэ нь нухацтай нохойнд л байдаг. Ийм нохдыг амьдрал дээр ч ялгаж болно, тэд бол тайван, маягладаггүй, буурь суурьтай ноход байдаг.
Харин бусад нохойн дээр энэ туршлагыг хэчнээн удаа давтах тусам тэд хөшүүн, нойрмог болж, энэ нь сүүлдээ Та өөрөө ам руу нь хоол хийх түвшинд хүрдэг ба зөвхөн аманд нь хоол хийсэн тохиолдолд л хоолны дур орж, идэж эхэлдэг. Бүх асуудал дуу авианд буй, учир нь хэрэв Та энэ дуу авиаг ердөө л 1 секунд дуугаргах буюу эс дуугаргавал ийм төлөв байдал үүсэхгүй, үүнээс болж нойр хүрэхгүй.
Зарим нохойн хувьд хоолны тухай ердөө л ганц минут бодох нь тэсвэрлэшгүй зүйл, тэр амралт шаардаж эхэлдэг. Тэр ноход хоол гэсэн амин чухал зүйлээс татгалзаж, ядарч, унтаж эхэлдэг. Ингээд Та бид нэг нь бат бэх, аятайхан, ажиллах чадвартай, нөгөө нь сул дорой, унжгар, амархан ядардаг хоёр төрлийн мэдрэлийн системтэй тулгарч байгаа нь тодорхой. Үүний эхний хэв шинж нь илүү, хүчтэй, амьдралд илүү зохицдог гэдэгт эргэлзэх зүйлгүй.
Энэ бүхнийг хүн дээр авчирч үзвэл хүч бол олон тийш үсчихэд биш, сарнихад биш, харин төвлөрөл, тогтвортой байдалд байдаг гэдэгт Та үнэмшинэ. Иймээс ухааны үсчилт бол давуу тал биш, харин дутагдал юм.
Ноёд оо ! Ухааны хоёр дахь арга бол бодит байдал хийгээд танин мэдэж буй ухаан хоёрын дунд орших тулгарсан бүхий саад тотгор, дохиог алгасан бодит байдалтай шууд харьцах гэсэн сэтгэлгээний эрмэлзэл юм.
Шинжлэх ухаанд арга зүйгүй (методика), зуучлагчгүйгээр явж болохгүй, ухаан бодит байдлыг гажуудуулахгүйн тулд энэхүү арга зүйн учрыг ямагт олж байдаг. Манай бүхий л ажлын хувь заяа зөв арга зүйгээс хамаарна гэдгийг бид мэддэг. Буруу арга зүй бодит байдлын дохиоллыг буруу дамжуулдаг, ингээд Та буруу, алдаатай, хуурамч факт баримт хүлээн авдаг. Шинжлэх ухааны ухааны арга зүй нь зөвхөн анхдагч зуучлагч. Түүний араас өөр нэг зуучлагч үг орж ирдэг.
Үг бол таарсан таараагүй, оносон оноогүй байж болох ч бас л дохиолол (сигнал) юм. Би маш тодорхой жишээ авч болж байна.
Өөрөө маш их ажиллаж, зарим зүйл дээр бодит байдалтай шууд харьцаж байсан байгалийн эрдэмтэд байдаг, тэд өөрсдөө үзэж хараагүй зүйлийн талаар лекц уншихаас ихээхэн бэрхшээдэг. Ингэхлээр өөрөө туулж үзсэн зүйлс, захидал хийгээд бусдын дамжуулснаар мэдэх болсон зүйлийн хооронд асар их ялгаа байдаг. Өөрөө үзээгүй, хараагүй, хийгээгүй зүйлийн талаар лекц унших нь утгагүй байдаг тийм их ялгаатай. Ийм зүйлийг л Гельмгольтц хэлсэн хэрэг.
Энэ асуудалд манай орос ухаан ханддагыг одоо үзье.
Өөрийн мэдэх тохиолдлыг яръя. Би практик шинжлэх ухаан болох физиологи заадаг. Одоо үед ийм туршилтын шинжлэх ухааныг туршлага, факт баримт зэргийг үзүүлж заадаг ерөнхий шаардлага тавигддаг. Бусад хүмүүс ч ингэдэг, би ч гэсэн адил. Миний бүх лекц үзүүлэх зүйлээс тогтоно. Та нар юу гэж бодож байна !
Миний үзүүлж буй тэрхүү үйл ажиллагаанд оюутнууд ямар ч онцгой шохоорхолгүй байдгийг би ажигласан юм. Би сонсогчдод хандах болгондоо тэдэнд би Та нарт физиологи уншаагүй, үзүүлж байна гэж байнга үглэдэг юм. Хэрэв би унших байсан бол Та нар сонсохгүй ч байж болно, учир нь энэ бүхнийг номноос олоод уншиж болно. Яагаад би бусдаас илүү гэвэл би Та нарт номноос олж үзэх боломжгүй тэр баримтуудыг үзүүлж байна, ийм учраас цаг зүгээр нөхцөөхгүйн тулд жаахан ч гэсэн хөдөлмөр хий, Та ердөө л таван минут гаргаж, үзсэн юмаа лекцийн дараа цээжилж тогтоож ав. Миний хэлснийг хэзээ нэг үед мөрдсөн хүн хуруу дарам. Шалгалтан дээр болдог ярианаасаа би энэ бүхэнд мянган удаа үнэмшсэн билээ.
Орос ухаан факт баримтыг үл тоодог гэдгий бид харж байна. Орос хүн үгэнд бүхнээс илүү дурладаг бөгөөд үгээр тоглодог. Биднийг үнэхээр үгээр амьдардаг гэдгийг эдгээр баримтууд харуулж байна.
Физиологи шинжлэх ухаан болохын хувьд бусад шинжлэх ухаануудад тулгуурладаг. Физиологич хүн алхам тутамдаа физик, химийн элементүүдэд хандах ёстой болдог. Физиологи судлахаар ирсэн, өөрөөр хэлбэл дунд сургууль төгссөн залуу хүмүүс физик, химийн элементүүдийн талаар бодит төсөөлөл байдаггүй гэдгийг миний олон жил багшилсан туршлага нотолж байна.
Бидний амьдрал эхлэн байдаг тэр баримтыг би тайлбарлаж чадахгүй, хэрэв хөхөх механизмыг ойлголгүйгээр эхийн сүү хүүхдэд яаж ордог асуудлыг сайтар тайлбарлаж чадахгүй.
Гэтэл энэ механизм туйлаас хялбар бөгөөд түүний мөн чанар нь агаарын даралт ба хүүхдийн аманд буй даралт хоёрын ялгаа л юм. Бойль-Мариотын энэ хууль бас амьсгалахын үндэс болдог. Энэ бол венийн системээс цус авах үедээ зүрх цохилдог тийм л энгийн үзэгдэл юм.
Гэхдээ ээжийгээ хөхөх асуудал бол шалгалтан дээр зөвхөн оюутнуудын хувьд биш, докторуудын хувьд ч аймшигтай асуулт юм. (Инээлдэв) Энэ бол инээдэм биш ханиадам !
Энэ бол оросын бодол сэтгэлгээнд тулгасан ял юм, орос бодол сэтгэлгээ зөвхөн үгийг л мэдэх ба бодит байдалтай тулгарахаас эмээдэг. Бүр ч тод нэгэн тохиолдлоор жишээ авъя.
Хэдэн жилийн өмнө “Эмч” сэтгүүлийн редактор, профессор Манассейн маш их эрэгцүүлэн боддог хүн гэж сайн мэддэг нэг найзаасаа авсан өгүүллийг надад илгээв. Гэхдээ энэ өгүүлэл онцгой учраас намайг саналаа хэлэхийг хүссэн юм. Энэ ажил “Цусны эргэлт дэх шинэ хөдөлгөгч хүч” гэсэн нэртэй. Тэгээд яагаав ? Энэ ажилсаг хүн дөнгөж дөчин нас шүргэх үедээ л хүүхэд хөхөө хөхөх үйлдлийг мэдэж ихэд гайхсан ба үүнийгээ бүхэл бүтэн нээлт гэж үзжээ. Сонин шүү ! Хүн бүхий л амьдралынхаа туршид суралцаад зөвхөн дөчин насандаа ийм энгийн юмыг ойлгож авч байна.
Ийм маягаар оросын ухаан сэтгэлгээ аргын шүүмжлэлийг огт хэрэглэдэггүй, өөрөөр хэлбэл үгийн утга санааг шалгадаггүй, үгийн хөшигний араар шагайдаггүй, жинхэнэ бодит байдлыг харах дургүй байдгийг бид бүхэн харж байна. Бид амьдралыг судлах биш, харин үгийн цуглуулгаар л оролддог.
Би Та бүхэнд зөвхөн оюутан, докторуудтай холбогдох жишээг татсан. Гэхдээ эдгээр жишээнүүд яагаад зөвхөн оюутан, докторуудад хамаатай байх гэж ? Энэ чинь орос ухааны нийтлэг, ерөнхий шинж шүү дээ. Хэрэв ухаан янз бүрийн алгебрийн томъёо бичиж, түүнийгээ амьдралтай холбож чадахгүй, тэдгээрийн ач холбогдлыг ойлгохгүй байгаа бол тэрбээр үг ярьж, түүнийгээ ойлгож байна гэж Та яагаад бодох ёстой юм ?
Хурал цуглаан дээр байгаа оросын сонсогч олныг аваад үзэгтүн. Энэ бол “за” гэсний төлөө ч, “үгүй” гэсний төлөө ч адилхан алга нижигнүүлэн ташдаг ердийн үзэгдэл юм. Энд ойлгосон тухай ярьж болно гэж үү ? Үнэн бол ганц, нэгэн зэрэг хар ч болдог, цагаан ч болдог бодит байдал гэж үгүй.
Талийгаач Сергей Петрович Боткины даргалсан эмч нарын нэг хурлыг тод санаж байна. Тэнд бие биенээ үгүйсгэсэн хоёр илтгэгч байсан; хоёулаа сайн ярьж, хоёулаа цуцалтгүй байлаа. Гэтэл сонсогчид аль алинд нь баяр хүргэн алга ташиж байв. Тэр үед хурал даргалдагч Боткин: ”олон нийт энэ асуудлыг шийдвэрлэх болтол хараахан төлөвшөөгүй байна, иймээс би энэ асуудлыг хэлэлцүүлгээс хасч байна” гэж хэлснийг би санаж байна. Бодит байдал ганц гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл Та нар яагаад аль аль тохиолдлыг адилхан дэмждэг вэ ? Энэ бол сайхан үгийн гимнастик, үгсийн ёслолын буудлага байсан юм.
Одоо гайхал төрүүлж буй өөр нэг фактыг авч үзье. Энэ бол цуурхал тарах явдал болно. Нухацтай хүн нухацтай мэдээлэл дамжуулдаг. Үгийг биш, харин фактуудыг дамжуулдаг бөгөөд тэр үед Та үг чинь үнэхээр факттай гэдгийн баталгааг өгөх ёстой. Гэтэл энэ нь байдаггүй.
Хүн бүр сенсаци үйлдвэрлэх сyл тал байдаг, хүн бүр ямар нэг юм нэмэхийг хичээдэг гэдгийг бид мэднэ, гэхдээ л хэзээ нэгэн цагт шүүмжлэл, шалгалт хийх хэрэгтэй болдог. Энэ ч гэсэн бидэнд заяагаагүй юм. Бид голдуу үгийг л сонирхож, түүгээр тоглодог ба бодит байдал ямар гэдэг талаар бараг санаа тавьдаггүй.
Ухааны дараагийн шинжийг авч үзье. Энэ бол эрх чөлөө, сэтгэлгээний туйлын эрх чөлөө бөгөөд энэ нь заримдаа шинжлэх ухаанд хөдөлшгүй гэж тогтоосон тэр зүйлийг эвдэн өөрчлөхийн тулд учир утгагүй байдалд ч хүргэдэг. Хэрэв би ийм эрх чөлөөг зөвшөөрөх зориг гаргахгүй ахул би хэзээ ч шинэ зүйлийг үзэж чадахгүй. Энэ эрх чөлөө бидэнд бий юу ? Үгүй гэж хэлэх ёстой. Би оюутан цагаа сайн санаж байна. Нийтийн санал бодлын эсрэг ямар нэг зүйл хэлэх боломжгүй байсан юм. Таныг суудлаас чинь ховх татаж, бараг л тагнуул гэж нэрлэдэг байсан. Төрийн Дум дахь манай төлөөлөгчид бие биендээ дайсан биш гэж үү ? Тэд бол улс төрийн эсрэг талынхан биш, чухамхүү дайснууд мөн. Хэн нэг нь ингэж хуйвалддаггүй байж болох ч ямар бохир сэдэл, луйвар болдог гэдэг нь шууд ойлгомжтой. Энд чинь ямар эрх чөлөө байгаа юм ?
Өмнөхтэй холбоотой бас нэг жишээ. Бид “эрх чөлөө” гэж цаг ямагт бахархан давтдаг, энэ нь бодит байдалд дөхөөд ирэхлээр эрх чөлөөг бүрэн эдэлсэн болж таарна.
Ухааны дараагийн шинж бол Та баримталж буй тэрхүү үзэл санаандаа бодол сэтгэлгээгээ холбох явдал юм. Хэрэв энэ холбоо уялдаа байхгүй бол эрчим хүч ч байхгүй, амжилт ч байхгүй болно. Та өөрийн үзэл санааг хайрлаж, түүнийг үндэслэхийг хичээх ёстой. Гэхдээ дараа нь шүүмжлэлт агшин болно. Та үзэл санааг төрүүлсэн, энэ бол Таны юм, энэ бол Танд үнэ цэнэтэй юм, гэхдээ Та үүний хамт цуцалтгүй байх ёстой.
Хэрэв ямар нэг юм Таны үзэл санааны эсрэг байвал Та түүнийгээ золиосонд гаргаж, түүнээсээ татгалзах ёстой. Ингэхлээр туйлын хүсэл шуналтай холбогдсон хамаат байдал бол ухааны дараагийн шинж болно. Ийм учраас эрдэмтэн хүний нэг том зовлон бол шинэ тодорхой байдал, шинэ нөхцөл байдал бий болох бүрт үүсэн гардаг байнгын эргэлзээ мөн. Та энэхүү шинэ тодорхой байдал таны төлөө юу, эсвэл таны эсрэг үү гэдгийг түгшин харах болно. Асар удаан туршлагаар энэ асуудал Таны үзэл санаа сөнөх үү, эсвэл амьд үлдэх үү гэдгийг шийднэ. Энэ талаар манайд яадаг вэ ?
Манайд хүсэл сонирхол бий. Тодорхой үзэл санаан дээр тулгуурладаг хүмүүс олон бий. Харин хүсэл тэмүүлэл байхгүй. Бид зөвхөн өөрөөр бодогчид төдийгүй, мөн бодит байдлын зүгээс үзүүлж буй татгалзалд дүлий дүмбэ ханддаг. Бидний жинхнээсээ зовдог агшинг би ёстой мэдэхгүй, иймээс жишээ авах нь илүүц.
Үргэлжлэл бий…
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.