Москвагийн кино наадамд Монголчуудын тухай кино оролцож байна

Монголчуудын тухай кино Москвагийн кино наадамд оролцож байна. Хятадын “Тэнгэрийн хаяа” уран сайхны киноны зохиолч, найруулагч, продюсер, жүжигчин Жо Мин Хуажи хэвлэлийн бага хурал дээр бүтээлийнхээ талаар ярьжээ. Киноны үйл явдал Өвөр Монголын хөдөөний нэгэн айлд өрнөдөг аж. Аав, ээж, охин Шанхайд үйлдвэрлэсэн радиотой болохыг ихэд хүснэ. Улмаар аав нь хот руу ажил хийж мөнгө олохоор явахаас киноны үйл явдал эхэлнэ. 20 жилийн дараа эргэн ирэх эцэгтээ гомдсон охины сэтгэл, эргээд ирэхэд нь нас эцэслэсэн эхнэр гээд олон үйл явдлаар зангилагдсан энэхүү кино олон улсын наадмуудаас шагнал хүртэж үзэгчдийн таашаалд нийцээд байгаа аж. Найруулагч киногоо өөрийн төрсөн нутагтаа хийснээс гадна гэр бүлийнхээ хүмүүсээс тоглуулсан гэж хэлсэн байна.
Д.Ундрах 24tsag.mn