ШУА-ийн хүндэтгэлийн чуулган болно

Өнөөдөр Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн анхны ерөнхийлөгч, академич Базарын Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр 09.30 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт ШУА-ийн хүндэтгэлийн их чуулган болно. Чуулганы нээлтэд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр оролцоно. Монгол Улсын Шинжлэх ухааны академийг үүсгэн байгуулсан гавьяатан, нэрт түүхч, академич Б.Ширэндэв нь Монголын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шинжлэх ухааны томоохон зүтгэлтэн байлаа. Тэрээр 1951-1954 онд МУ-ын Гэгээрүүлэх яамны сайдаар ажиллаж байсан юм. "БНМАУ-ын түүх" гурван боть болон бусад олон шинжлэх ухаан, түүх, уран зохиол, эрдэм шинжилгээний зохиол бүтээл туурвижээ. Сансар судлалын Үндэсний зөвлөлийн дарга Б.Ширэндэв нь Шинжлэх ухааны томоохон ололт болох Монгол хүнийг сансарт нисгэх үйлст томоохон хувь нэмрээ оруулсан хүн билээ.
Д.Ундрах 24tsag.mn