Төрийн албан хаагчийн тэтгэлгийн санхүүжилтийг зогсоосон байна

Өнгөрсөн оны долдугаар сарын 9-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон. Үүнд, Төрийн албан хаагчийн хүүхдийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс санхүүжилтийг нь зогсоосон. Харин дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуулийн жишгээр сургалтын зардлыг нь төрөөс хариуцаж байсан суралцагчдад тухайн сургуулиа төгсөх хүртэл уг зардлыг үргэлжлүүлэн олгох юм. Энэ намраас шинээр орж байгаа оюутнуудын хувьд хамрагдах боломжгүй.Түүнчлэн Засгийн газрын 19 дүгээр тогтоолын дагуу Үндэсний тэтгэлэг болон голч оноо сайн бол журмын дагуу урамшууллынхаа тэтгэлгийн мөнгийг авна. Үндэсний тэтгэлэг гэдэг нь Монгол Улсын аттестатчлагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элсч, суралцах чадвар, идэвхи санаачлага, төлөвшлөө илтгэн харуулсан өдрийн ангийн суралцагчдад олгодог тэтгэлэг юм. Тус тэтгэлгийг нэг хичээлийн жилд арав хүртэл сарын турш өгөх аж. Мөн уг тэтгэлэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй юм. Үүгээр зогсохгүй урамшууллын тэтгэлэг гэж байгаа гэнэ. Энэ нь сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон эрэлт ихтэй мэргэжлээр өдрийн ангид суралцдаг оюутнуудад олгогдох юм. Тэтгэлэгт хамрагдах суралцагчид нь тэтгэлэг хүсэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан өргөдөл, сурлагын дүнгийн тодорхойлолт гэх мэт бичиг баримтыг бүрдүүлж суралцаж байгаа сургуулийнхаа захиргаанд өгөх юм байна.
Д.Ундрах 24tsag.mn