АН 2012 оны сонгуулийн эцсийн дүнг танилцуулж, дараагийн парламентыг яаралтай бүрдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа билээ. Өнөөдөр АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь бүлгийн Ч.Сайханбилэг нар хэвлэлийн бага хурал хийлээ.Хурлын үеэр АН УИХ-д олонхи болж 40 гаруй суудал авах бүрэн боломжтой байсан ч зарим тойрогт гарсан будлианаас болж 32-33 суудал авахаар байгааг хэллээ. Хэдийгээр шинэ хуулийн дагуу автомат машинаар саналыг авч, тоолсон ч цөөнгүй зөрчил, мөнгө тараасэн явдал гарсныг дурдсан юм. Нэгэнт олонхи болж чадахгүй тул шударга ёсны төлөө тэмцэх хүчинтэй эвсэнэ гэж мэдэгдсэн ч яг ямар хүчинтэй эвсэх тухайгаа цохож хэлсэнгүй. Харин шинэ Засгийн газрын тэргүүнээр хэн ажиллах бол гэсэн таамагт хариу өгч, Н.Алтанхуяг ерөнхий сайд болно гэв.
АН-ын хувьд будлиантай тойргуудыг орхиод шинэ парламент, шинэ Засгийн газрыг яаралтай байгуулах ёстой гэж үзэж байгаа. Энэ дагуу эхний Хөдөлмөрийн яамыг яаралтай байгуулах хэрэгтэй гэсэн юм.
Т.Гэрэл



















































