СЕХ академич С.Нарангэрэл, МАХН-ын дарга Н.Энхбаяр, С.Авирмэд, Э.Батшугар, хөдөлмөрийн баатар З.Ойдов, Санжаадорж нарыг УИХ-д нэр дэвших эрх зүйн боломжгүй гэж үзэн бүртгэхээс татгалзсан. Тиймээс тэд СЕХ-г улстөрийн захиалгаар ийм шийдвэр гаргалаа гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаад байсан билээ. Гомдол гаргаснаас 14 хоногийн дотор уг гомдлоор маргаан үүсгэх эсэхийг цэц шийдэх ёстой. Харин Үндсэн хуулийн цэц өнгөрсөн сарын 27-нд “МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2, 29 дүгээр зүйлийн 29.11.4 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг, С.Нарангэрэл, С.Авирмэд нарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6., 26.7 дугаар зүйлийг, Н.Санжаадоржийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дугаар зүйлийг, Э.Батшугарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.4-г зөрчсөн” гэсэн гомдол нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчөөгүй. Тиймээс маргаан үүсэх үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргасан юм.
Хэдийгээр цэцээс ийм шийдвэр гарсан ч Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүн дахин хэлэлцэх аж. Тиймээс цэцийн гишүүдийн шийдвэр гартал намын листээр УИХ-д сонгогдоод байсан О.Баасанхүү, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нарын түр үнэмлэхийг өгөөгүй байна. Хэрвээ цэцээс Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нарыг нэр дэвших боломжтой гэж үзвэл тэд түр үнэмлэхээ авах аж. Учир нь намын листэд Н.Энхбаяр нэгт, Э.Батшугар зургаа, С.Нарангэрэл дөрөвт жагсаж байжээ.
Б.Чимэг



















































