“Манчестер Юнайтэд” хувьцаагаа Нью-Йоркийн Хөрөнгийн биржээр худалдаална

Английн “Манчестер Юнайтэд” хөлбөмбөгийн баг өөрийн хувьцаагаа Нью-Йоркийн Хөрөнгийн биржээр дамжуулж худалдаалах шийдвэр гаргасан байна. IPO хийснээр “Манчестер Юнайтэд” нэг зуун сая доллар татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Гэхдээ энэ мөнгөний хэмжээ дээд хязгаар биш бөгөөд IPO хийхээр бэлтгэх явцад өөрчлөгдөж магадгүй юм. Түүнчлэн тус багийн төлөөлөгчид хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах бодолгүй байгаагаа зарлажээ. “Төвлөрүүлсэн бүх мөнгийг бид өр, зээлээ багасгахад зарцуулах бодолтой байна” гэж тэд мэдэгдэв. Сонирхуулахад 1991-2005 онуудын хооронд “Манчестер Юнайтэд” багийн хувьцааг Лондонгийн Хөрөнгийн биржээр худалдаалж байсан билээ.
Д.Ундрах 24tsag.mn