Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заяу тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара орон гэргүй, архины хамааралтай болсон тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажлыг өнгөрсөн жилүүдэд амжилттай хийж ирсэн нэгэн. Тэрээр уг ажлаа өргөжүүлж тэнэмэл иргэдийн орон гэрийг шийдэж өгөх хотхон барихаар болж, газрын зөвшөөрөл, зураг төсөл зэрэг барилгын ажил эхлэхийн өмнөх бэлтгэлийг бүрэн хангаснаа дуулгалаа.
Хоёр дүүрэгт байрлах “Дээшлэх хотхон” I, II хотхонд тус бүр 500 айл амьдрах боломжтой гэнэ. Хотхон бүр тусдаа хоёр үйлдвэртэй юм байна. Ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрүүд нь дэргэдээ боловсруулж бүтээгдэхүүн болгох үйлдвэртэй аж. Ингэснээр тэнэмэл иргэд орон байртай болоод зогсохгүй ажлын байраар хангагдах орчин бүрдэх боломжтой гэлээ. Гэвч барилгын ажлыг эхлүүлэх төсөв байхгүйгээс төр захиргаа, шийдвэр гаргах хүмүүст хандаж байгаа аж.
Түүнээс гадна Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд халамжийн төв барих ажлыг ч эхлүүлээд байгаа гэнэ. Гэр оронгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, үр хүүхэдтэй, архины хамааралтай дөрвөн бүлгийн 500 иргэнийг амьдруулах төвийг барихад олон нийтийн зүгээс хандив, тусламж хүслээ.
Манай улсад 2008 оны байдлаар 15000 орчим тэнэмэл иргэд байдаг гэсэн судалгаа гарчээ. Түүнээс хойш тэнэмэл иргэдийн тоо цөөрсөн ч улам залуужих болсныг Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заяу тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара ярив.
Сэтгэгдэл (1)