Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын нийтийн танхимын дарга Линдзи Хойлтой (2025.07.31) албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтаар Монгол Улсын Их Хурлын даргын Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг хоёр талын хүчин чармайлтын үр дүнд амжилттай хэрэгжиж буйг цохон тэмдэглэлээ.
Тухайлбал, Британийн Парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 6 дугаар сард Монгол Улсад ажилласан. Энэ үеэрээ Байнгын хороодын гишүүдтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар үр дүнтэй яриа өрнүүлсэнд баяртай байгаагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийлэв.
Мөн УИХ-ын Парламент судалгаа хөгжлийн хүрээлэн Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар тус сургуулийн төслүүдэд оролцох, судалгааны үр дүнг парламентын бодлого боловсруулах, хууль тогтоомжийн өөрчлөлтөд ашиглах, бүтээл гаргах зэргээр хамтран ажиллах боломж бүрдэж байна.
Түүнчлэн ИБУИНХУ-аас Монгол Улсад англи хэлний багш нарыг дэмжин, жил бүр тодорхой төсвийг баталж байгаад талархал дэвшүүллээ.
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын нийтийн танхимын дарга Линдзи Хойлын зүгээс хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт идэвхтэй өрнүүлэхийн төлөө байгаагаа онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.