
Энэ удаагийн хуралдаанаар Үндэсний татварын албаны урилгаар БНСУ-ын Татварын албаны удирдлагууд Монгол Улсад албан ёсны ажлын айлчлал хийхээр болсон тухай мэдээллийг хэлэлцээд, ирэх сард болох уг айлчлалын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр Татварын Ерөнхий Газрын дарга Б.Баттөмөр ТЕГ-ын ТУХАГ-т үүрэг даалгавар өглөө.
Мөн хуралдаанаар Татварын албанд нэвтрүүлж байгаа мэдээллийн технологийн шинэ программуудыг ашиглалтад оруулахад хамтран ажиллаж байгаа, программ хангамжийг шинээр хийхэд оролцсон төслийн багийнхантай нягт хамтран ажиллахыг Үндэсний татварын албаны нийт байцаагч, албан хаагчдад үүрэгдэв. Мэдээллийн технологийн төслийг Үндэсний татварын алба Дэлхийн банк болон бусад донор байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа. Тиймээс дээрх байгууллагын зарим төлөөлөл Монголд хүрэлцэн ирэхтэй холбогдуулан хүлээн авах бэлтгэл ажлыг хангахыг ТЕГ-ын Мэдээлэл, технологийн төв болон ТУХАХ-т даалгав.
Ирэх сард буюу жил бүрийн есдүгээр сард Татварын ажилтны өдөр тохиодог. Тэмдэглэлт энэ өдрийг хөдөлмөр, бүтээлийн өндөр амжилтаар угтаж, ажил үйлчилгээгээ улам сайжруулан чанаржуулж ажиллахыг ТЕГ-ын удирдлагууд Татварын албаны нийт байцаагч, албан хаагчдад уриаллаа. Мөн хуралдаанаар Татварын Ерөнхий Газарт байрлах Татвар төлөгчийг угтах төвийн засвар дуусч байгаатай холбогдуулан, ашиглалтад оруулах бүхий л бэлтгэлийг хангаж ажиллахыг ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах хэлтэст даалгав.
Татварын алба оны эхний хагас жилд хийсэн ажил, улс болон орон нутгийн төсөвт оруулсан орлогын төлөвлөгөөний биелэлт, цаашид хийх ажлын зорилт, төлөвлөгөө, шинээр татварын албанд нэвтрүүлж байгаа тоон гарын үсэг, шуудангийн үйлчилгээ, цахим программуудыг хүлээн авч нэвтрүүлэхтэй холбоотой асуудлаар энэ долоо хоногт багтаан төвийн хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзлээ.