Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу 2025 оны 07 дугаар сарын 10-наас 17-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс насанд хүрэгсэд 2514, 0-18 насны хүүхэд 1579 байна.
Түүнчлэн төв болон салбар эмнэлэгт нийт 123 үйлчлүүлэгчид яаралтай мэс засал, 119 үйлчлүүлэгчид төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Дээрх өдрүүдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт ажилласан бөгөөд орон нутагт осолдож, гэмтсэн иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлжээ.
Мөн энэ сарын 16-ны өдөр “Торгоны зам” (SILK WAY RALLY-SWR) авто ралли олон улсын уралдаанд оролцох үеэр гэмтсэн нэг тамирчныг Төв аймгаас нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, ГССҮТ-д тусламж үйлчилгээ үзүүлсэн аж.
Баярын наадмын үеэр зам тээврийн ослын улмаас нийт 668 хүн яаралтай тусламж авснаас насанд хүрэгсэд 364, 0-18 насны хүүхэд 304 байна.
Мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 111 байгаагаас 0-9 насны хүүхэд 12, 10-18 насны хүүхэд 48 байна. Харин уралдааны мориноос унаж гэмтсэн найман хүүхэд байгаа аж.
Наадмын өдрүүдэд ахуйн орчинд гэмтэж бэртсэн нийт 1307 хүн тусламж үйлчилгээ авснаас 530 нь 0-18 насны хүүхэд байна.
Дашрамд дуулгахад, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон "Eejii.org" сангийн хамтын ажиллагааны хүрээнд сайн дурын 52 ажилтан Яаралтай тусламжийн тасаг, Амбулаторийн тасагт тодорхой хуваарийн ажиллаж буй билээ. Энэ дагуу наадмын өдрүүдэд сайн дурын долоон ажилтан өдөр оройн ээлжинд дагуу хөтөч, зөвлөн туслагчаар ажилласан байна.
Сэтгэгдэл (2)