
"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын бөхийн тэмцээн наймдугаар сарын 5-нд сонгомол бөхийн барилдаанаар эхэлсэн. Өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж байгаа. Олимпийн хөтөлбөрийн дагуу энэ өдөр эмэгтэйчүүдийн 48 кг ба 63 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.
Олимпийн дэвжээнд монголчууд чөлөөт бөхийн төрлөөр эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчнаа өрсөлдүүлнэ. Монголын бөхчүүдийн салхийг хагалж өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д Д.Отгонцэцэг, харин 63 кг-д С.Батцэцэг нар зодоглохоох зэхэж байгаа. Сугалаа ёсоор 48 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Отгонцэцэг эхний тойрогт Колумбын бөх Каролина Кастилло Идалготой барилдана. Эхний өрсөлдөгчөө ялбал дараагийн тойрогт Польш ба Аргентиний бөхчүүдийн ялсантай нь хүч үзэхээр сугалаа татжээ.
Харин 63 кг-д барилдах дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Батцэцэгийн тухайд эхний тойрогт гоц мөргөөд байна. Улмаар хоёрдугаар тойргийн барилдаанд Төв Африкийн Бүгд найрамдах улсын бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуитай барилдахаар болжээ.
Харин 9-нд эмэгтэйчүүдийн 55 кг ба 72 кг-ын жингийн барилдаан болж, Монгол Улсаас С.Бямбацэрэн /55 кг/, О.Бурмаа /72 кг/ нар барилдах бол эрэгтэй бөхчүүд 10-наас тэмцээнээ эхлүүлэх юм.
Э. Индра