“Дараа дараагийн шатны шүүхээс Н.Энхбаярт ял оноосон байлаа гэхэд тэд
Засгийн газраас гарах уу? Хувааж авсан сайдын суудлаасаа хагацаж чадах
уу? гэдэг эргэлзээтэй” гэх хүн олон байгаа юм.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт шүүхээс дөрвөн жилийн ял оноож бас бус эд хөрөнгийг нь хураах шийдвэр гаргасан нь Монголын улс төрийг гацааж, бизнесийн орчинг эрсдэлтэй болголоо гэж гадныхан дүгнэж байгаа. Харин энэ шийдвэрийг монголчууд цочир хүлээж авсангүй. Тэр байтугай Н.Энхбаярыг өлсгөлөн зарлаж байхад амиа өгөхөөс ч буцахгүй гэж хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өлсөж байсан хүмүүс ч таг чиг. Энхрий хайрт Н.Энхбаяр даргыг нь цагдан хориод байхад зарим нь “Хувь хүний асуудлаас улсын эрх ашиг дээгүүр” гэж ухаантай зүйл хэвлэлээр ярьж сууна. МАХН-ынхан, сонгуульд хамтарч оролцсон МҮАН-ынхан гээд Н.Энхбаярыг өмөөрч чанга дуугарах хүн хуруу дарам цөөн байгаа нь сонирхолтой. Өмнө нь Төрийн ордны хаалгыг нураах шахаж, улсын прокурорын гэр шөнө дөлөөр очиж, Ц.Нямдоржид зурагт бэлэглэнэ гэж ичээж байв. Харин МАХН-ынхан сонгуулийн дараа УИХ-д овоо хэдэн суудалтай нам болсноор "бужигнуулдаг" имиж нь өөрчлөгдөж, асуудалд их л аядуу тайван хандах болжээ.
Сонгуулийн дараа Н.Энхбаяр, М.Энхсайхан нар “улс төрийн хэлмэгдүүлэлт явуулбал Засгийн газраас гарна” гэх утгатай гэрээ байгуулснаа сайрхан сурталчилж байсан билээ. Гэсэн ч шүүх хурлын дараа АН, ИЗНН-тай хамтарсан Засгийн газар байгуулах гэрээгээ цуцалсангүй. Н.Энхбаярыг өлсгөлөн зарлаж байх үед цагаан масктай өлсөж байсан З.Баянсэлэнгэ гишүүн хүртэл “Энд хувь хүний асуудал ярьж байна. Намууд гаргасан шийдвэртэй үнэнч байх ёстой. Шийдвэрээ хүндэтгэж үзэх байх. Нэг хүний асуудлаас улсын ажил чухал” гэв. Мөн “Н.Энхбаярыг АН хэлмэгдүүлсэн гэж үзэж байна уу?” гэж сэтгүүлч асуухад “Тухайн үеийн эрх баригч нартай холбож ойлгоно уу гэхээс өнөөгийн эрх баригч нар биш шүү дээ” гэсэн тун сонирхолтой хариу өгсөн билээ.

Энэ мэт Н.Энхбаярыг орхиж, сайдын суудалтай үлдэх болсон “Шударга ёс”-ынхон “Төрийн ажил чухал, дараагийн шатны шүүх зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэхчилэн уван цуван мэдэгдэж байна. Үнэхээр тэд дараагийн шатны шүүхээр Н.Энхбаяр цагаадаад гараад ирнэ гэдэгт итгэлтэй байгаа бололтой. Уг нь шүүхийн шийдвэрийг шүүх л гаргадаг болохоос хэн нэгэн урьдчилан тааж, тааварлана гэдэг хэцүү баймаар. Эс бөгөөс тэд шүүхийг буруу шийдвэр гаргалаа гэж “өлсгөлөнгийн тактик”-аа хэрэгжүүлэх байсан биз гэх жиг жуг яриа байна. Гэхдээ чимээгүй байснаар МАХН-ынхан хожиж байгаа юм. Засгийн газраас гарахгүй гэдгээ мэдэгдсэн МҮАН-ынхантай ч зөрчилдөхгүй, АН-ынхантай ана мана үзэж байж тохирсон хэдэн яамдаасаа ч салахгүй ашигтай хувилбар сонголоо. “Дараа дараагийн шатны шүүхээс Н.Энхбаярт ял оноосон байлаа гэхэд тэд Засгийн газраас гарах уу? Хувааж авсан сайдын суудлаасаа хагацаж чадах уу? гэдэг эргэлзээтэй” гэх хүн олон байгаа юм.
24tsag.mn