
Тус улсын албаныхны тайлбарласнаар нийслэл Манила хотын хойд хэсэгт хөрсний нуралтад дөрвөн байшин дарагджээ. Аврагчид байшин дороос нэг эрэгтэй хүний цогцос олсон. Иргэдийн мэдээлснээр тэнд нийт долоон хүн байсан аж. Филиппиний гамшгаас аврах албан төлөөлөгч ярихдаа “Одоогийн байдлаар 200 мянга гаруй хүн орон гэрээ орхисон. Бид үерийн улмаас бэртэж гэмтсэн хүмүүсийг аюулгүй газар хүргэж, эмчилж байна” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тус улсын хойд нутагт “Тайфун Саола” хар салхины улмаас 50 орчим хүн амиа алдсан юм. Албаныхны мэдэгдсэнээр Манила хотын тал нь үерт автаад байгаа аж. Ойрын 24 цагийн хугацаанд бороо үргэлжлэн орох төлөвтэй байна хэмээн цаг уурчид мэдээлжээ.
2009 онд Манила хотод “Тайфун” хар салхины дараа бороо орж, үер болсны улмаас 400 гаруй хүн амиа алдсан юм.
Э.Индра