Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “25 дугаар” телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуулын “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцлоо. Түүний ярилцлагыг нь бүрэн эхээр нь хүргэж байна.
-Та миний урилгад олон удаа хариу өгөлгүй буцааж байсан. Сая л ярилцлага өгөхийг зөвшөөрлөө. Яагаад татгазлзсан хариу өгсөөр ирсэн юм бэ?
-За уучлаарай, гомдоочихсон юм болов уу. Ерөнхий сайд байхад бараг долоо хоног болгон гараад л хийж байгаа ажил, болж, болохгүй зүйлийг ярьдаг байсан шүү дээ. Тэрний дараа надад ярих юм цөөн болсон. Тийм учраас олон удаагийн ярилцлагад ороогүй.
-УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхлэх гэж байна. Ирэх тав дахь өдрөөс хэлэлцээд эхлэх байх. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь Монгол Улс цаашаагаа хөгжиж дэвшихэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий. Үүнийг туйлшруулж болохгүй. Эсвэл Үндсэн хууль муу байгаа учраас бид, манай улс, удирдагчид муу байна гэж ярьж болохгүй. Өөрчлөхөөр зүйл байгаа юу гэвэл байгаа. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын эрх мэдлийн хуваарилалт дээр нь тэр орон нутаг Засгийн газартай харилцах харилцаанд өөрчлөлт хэрэгтэй. Гэхдээ би хоёр зүйл дээр энэ өөрчлөлт өнөөдөр явахгүй байх гэж харж байгаа.
Өнөөдөр УИХ-д 64 хүнтэй нэг нам байгаа. Нэг нам байгаа үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Хоёрдугаарт, Ардын нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол энэ ажлыг нэг нам биш Монгол Улсын Ерөнхийлөгч толгойлох ёстой. Магадгүй тэрэнд нь улс төрийн намууд, нийгмийн төлөөллүүд оролцоод үнэхээр Үндсэн хуульдаа тулсан энийгээ, тэрийгээ өөрчлөх ёстой гэдгээ ярих ёстой.
-Таныг парламентад байхад олон намын төлөөлөл байсан. Яг эцсийн байдлаар гарын үсэг зурахаар олон тийшээ хараад суучихдаг, нэгдэж нийлж чадахгүй явсаар гурав, дөрвөн парламент дамжсан. Ийм үед ирцийн босготой нам Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлах сүүлчийн боломж гэж харагдаад байгаа?
-Сүүлчийн боломж нь ч юу юм бэ. Олуулаа болсон дээрээ хийгээд авъя гэж бодох нь нэг талын бодол. Олон нам байж байгаад ойлголцох нь өшөө том дэвшил.
-2012-2016, 2016-2020 оны парламент гээд л...?
-Ойлголцож чадахүй байна л даа. 1990 оноос хойш Монгол Улс олон намын тогтолцоог бий болгосон юм чинь ойлголцоод явах хэрэгтэй. Ойлголцож чадахгүй бол байгаа араамандаа яажиганаад явахаас өөр аргагүй.
-Одоогийн Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгээс улс төрийн бүх нам, төрийн байгууллагаас саналыг нь авсан гэж хэлж байгаа. Бүх намын саналыг авчихсан юм чинь аваагүй гэж үзэх үндэслэлгүй?
-Намаасаа илүүтэй би хэлээд байна шүү дээ. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч гэдэг чинь харьцангуй тогтвортой институц. Тэр хүнээрээ толгойлуулаад цаашаа явбал амжилтад хүрнэ.
-Би бол тантай санал нийлэхгүй байна. Монгол Улс бол парламентын засаглалтай. Олон хүн хэлэлцвэл буруугүй гэдэг. Ерөнхийлөгч магадгүй энэ дээр давамгайлаад ороод ирэх юм бол нэг хүний үзэл бодол тусах болгоомжлол байна?
-Байхгүй. Жишээлбэл, Ерөнхийлөгч гэдэг өөрийнхөө бодлыг тулган хүлээлгэх биш Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч шүү дээ. Тэр хүн гурав ч бай, тав ч бай өөрөөсөө илүү олон нийтийн санаа бодлыг илэрхийлж байгаа намуудын төлөөллүүдийн ойлголцлыг бий болгохыг төлөө ажиллах ёстой.
-Ерөнхийлөгчийн саналыг тодорхой хэмжээнд тусгасан байх гэж найдаад байгаа. Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2025 оноос хэрэгжүүлэхээр тусгасан?
-Би бол ингэж боддог юм. Ерөнхийлөгчийн зарим нэг эрх үүргийг хязгаарлах, хазаарлах хэрэгтэй. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад бичиж байсан захидал байгаа. Гэхдээ Ерөнхийлөгч нь толгойлж байгаад үүнийг хийх ёстой. Хоёр өөр юм шүү. Та нар Ерөнхийлөгч нь толгойлчихоор Хаан болно гэж яриад байна. Тэр хүнээсээ хамаарна.
-Та Ерөнхийлөгчийн зөвлөх байсан хүний хувиар магадгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг толгойлох хүн нь гэж яриад байна?
-Үгүй ээ, юун жижигхэн юм ярьдаг юм. Тэнд миний Ерөнхийлөгчийн зөвлөх байх ерөөсөө ач холбогдолгүй. Тэр чинь Монгол Улс цаашдаа зөв явах тухай Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярьж байгаа биз дээ. Тэгэхээр хоёр гурван толгой бий болчихсон, жижиг сажиг асуудлыг засах хэрэгтэй гэдэгтэй би санал нэг байна. Үүнийг Ерөнхийлөгчөөрөө толгойлуулаад хийчих л дээ.
-УИХ-аар толгойлуулах нь юу нь буруу гэж?
-Тэр чинь 64 хүнтэй байхгүй юу даа. 76 гэдэг тооноос хасахаар хэд үлддэг юм. Арваад юм үлддэг юм байгаа биз дээ. Үлдэж байгаа арав нь чааваас бүлэг мүлэг ч үгүй болчихсон, хэдэн нөхдүүд сууж байгаа. Тэгэхээр дахиад нуухыг авах гэж байгаад хэдүүлээ нүдийг нь сохлох юм руу аваачих вий дээ. Би өөрчлөхийг эсэргүүцээгүй байна. Өөрчилж байгаа арга нь буруу байна.
-Та Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд байсан хүн. Энэ удаагийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэхээр оруулж ирж байна. Наад зах нь танхимаа өөрөө бүрдүүлэхээс эхлээд төсвийн зардлыг УИХ-аар нэмэгдүүлэхгүй гээд. Үүнийг яаж харж байгаа вэ?
-Гэдэс гүзээ рүү нь ороод яривал надад дэмжиж байгаа санал байгаа. Жишээ нь, би өөрөө Ерөнхий сайд хийж байсан хүн. Гэхдээ хийж байсан гээд эрх мэдлийг нь нэмэгдүүлэх гээд байгаа юм биш. Амьдрал дээрээ улсын төсөв гээд нэг хэдэн төгрөгөндөө юм хийгээд Засгийн газраас оруулж ирдэг. Тэрэн дээр нь УИХ баахан орлого хий нэмж байгаад зарлага нэмдэг зовлон байгаа. Үүнийг хийлгэхгүй байх өөрчлөлтийг хувьдаа дэмжинэ. Гэхдээ наад арга зам чинь буруу явлаа шүү.
Өмнө нь Үндсэн хуульд, намайг УИХ-ын гишүүн, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхад бил үү өөрчлөлт оруулж байсан. Нөгөө талд Н.Энхбаяр дарга байсан. Тэгэхэд долоон өөрчлөлт оруулсан. Үүнийг дордуулсан долоон өөрчлөлт гэж яриад байгаа. Энэ бол шал худлаа шүү.
Ц.Элбэгдоржийн гаргаж ирсэн үг. Өөрөө өөрчлөлт оруулчихаад олон нийт шүүмжлээд ирэхээр дордуулсан долоон өөрчлөлт гэж хэлсэн. Дордуулсан юм бол яах гэж хийсэн юм. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар.
-Энэ хоёр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийчихсэн гэж үү. Парламентаар баталсан биз дээ?
-1998 онд санаачилга нь гарсан байдаг юм. Гэхдээ тэр бол өөрчлөлт хийе гэж хийгээгүй юм, Мөнхтуул аа. 1996-2000 онд Монголын парламент их зовлон амссан.
-Дөрвөн Засгийн газраа огцруулсан?
-Тэр бол асуудал биш. Хамгийн гол нь 50 хүн сууж байгаад Засгийн газраа огцруулаад байсан. 50 хүн сууж байгаад Засгийн газраа огцруулахаар манай намаас хэн огцруулаад байгаа нь мэдэгдэхгүй. Яагаад гэхээр санал нь нууц. Гэх мэтчилэн зовлонгууд байсан учраас Засгийн газрыг огцруулах саналыг ил болгох нь зүйтэй юм гэж үзсэн. Тэрийг буруу гэж боддоггүй юм. Яагаад гэхээр тэр өөрчлөлт орсноор олон Засгийн газрын унах хугацаа нь хойшилсон.
-Гэхдээ дордуулсан долоон өөрчлөлт дотор хууль батлах ирцийг эрс багасгаад хаячихсан шдээ?
-Дахиад нэг зовлон байсан юм. Ардчилсан холбоо эвсэл 50 суудалтай байсан. 39 байхад олонхи нь Засгаа бүрдүүлдэг явдаг. Гэтэл 50 гишүүнтэй, Засгаа байгуулчихсан мөртлөө хуулиа баталж чадахгүй нөхцөл байдал байсан. Үүнийг шүүмжлээд байгаа бол ихэсгэнэ л биз дээ. Нээх зарчмын ач холбогдол авчрахгүй. Би тэрэн дээр маргаан хийхгүй. Өөрчилвөл өөрчилнө биз.
-Танай нам олонхи байхад танай Засгийн газар огцорсон. Танай намын зарим нөхдүүд лобби хийгээд огцруулсан. Энэ нөхцөлийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хааж өгч чадаж байна уу?
-Одоо бол УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зураад Засгийн газрыг огцруулж болдог юм. Шинэ өөрчлөлт дээр тэгээд явж байна лээ. Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулахад өөрчлөлт ороогүй байна лээ. Харин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ УИХ-аар оруулж, олонхийн саналаар томилдгийг болиулж, өөрөө сайд нараа хөдөлгөх эрх мэдэл очиж л байгаа. Засгийн газрыг огцруулахад өөрчлөлт ороогүй байна лээ.
-Ерөнхий сайдыг огцруулахад дараагийн хүнийг нь хамт оруулж ирэх тухай?
-Тэр чинь ингэж байгаа юм. Германы жишиг нь тийм. Өнөөдөр нэг нөхрийг, Ерөнхий сайдыг огцруулдаг. Манайхан яадаг юм гэхээр “Ёоох энэ нэг нөхрийг огцрууллаа” гээд санаа нь амардаг. Дараагийн хүнийг нь хайгаад давхидаг. Үүнийг болиулаад энэ хүнийг огцруулж байгаа бол дараагийн хүнийг нь давхар оруулж ирэх төсөл явж байна лээ. Тэрийг буруу гэж үзэхгүй байгаа. Өмнөхийг нь огцруулаад дараагийнхыг нь томилно гэсэн үг.
-Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болчихсон байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр наад зах нь завсарлага авч чадахгүй. Харин О.Баасанхүү гишүүний зүгээс АН-ыг бүлэгтэй болгох санаачилга гаргасан. Энийг та юу гэж харж байна?
-Баасанхүү бид хоёр Ардчилсан намыг бүлэгтэй болгохгүй л дээ. Хуулиараа боломжгүй. Эрдэнээ гэдэг нөхөр манай Ардчилсан намыг есөн хүнтэй бүлэгтэй байхад нь өөртөө таалагдаагүй, санаа бодлыг нь дэмжээгүйн төлөө хөөдөг нь буруу байхгүй юу. Одоо тэгээд байсан хоёр хүнээ хөөж хаячихаад байхгүй нэг нөхрийг авчраад бүлэгтэй болно гэж бодож байгаа юм уу. Энэ бол хуулиараа боломжгүй. Тийм замбараагүй зүйл Монголын хуульд байхгүй.
-Та сүүлийн үед намдаа нэлээд гомдолтой яваад байх шиг байна. Магадгүй таныг огцруулсан гомдол нь яваад байна уу даа?
-Тийм юм байхгүй. Одоо нэг юмыг ялгаж харъя Мөнхтуул аа. Ардчилсан нам, нөгөөх нь Ардчилсан намын удирдлага гэдэг хоёр зүйлийг ялгая. Надад Ардчилсан намд гомдох юм ерөөсөө байхгүй. Юунд нь гомддог юм. Алтанхуяг Их сургуулийн багш байж байгаад Ардчилсан намыг байгуулахад оролцоод 20, 30 жил энд явж байна. Ардчилсан намд ерөөсөө гомдох юм байхгүй. Ардчилсан намын өнөөгийн удирдлагад гомдох биш зайлах ёстой гэж үзэж байгаа юм.
-Олон жил намаа шинэчлэхийн төлөө явж ирсэн нөхөдтэйгөө яагаад хонь чоно болчихов оо. Элбэгдорж, Эрдэнэ гэх мэт хүмүүсийг нэлээд хатуухан хэлээд байх юм. Та нарын хооронд нэг ашиг сонирхлын зөрчил үүссэн юм уу даа гэж хараад байх юм?
-Би бас бодоод байгаа юм. Бидний хооронд зөрчил үүсээгүй. Би Элбэгдоржтой хувийн ямар нэгэн зүйл байхгүй. Муу үг дуудалцах юм байхгүй.
-Таныг огцруулсан гээд гомдоод байгаа юм уу?
-Үгүй. Нэг юман дээр гомдоод байгаа юм, эд нарт. Гомдохоор барахгүй эднийг буруу юм хийгээд байна гэж үзэж тэмцэлдээд байгаа юм. Ц.Элбэгдоржийг хаан байхад “Чи шалдан байна. Монголд бүлэглэлийг бий болгох гэж байна” гэж хэлсэн дээ. Оюутолгойг ард түмэнд биш өөрсдөдөө ашигтайгаар идээд байна. Тавантолгойг идэх гэж “Чи намайг шахдагаа боль” гэсэн асуудлаас болж маргасан.
Алтанхуяг, Элбэгдорж хоёрын маргаан байна уу, ард түмэн ба авлигачдын хоорондын маргаан байна уу. Эрдэнээ ч гэсэн ялгаагүй. Ерөөсөө ичихгүй юм байна шдээ. 60 тэрбум, 49 хувь бүгдээрээ болохгүй гээд байхад болно гээд байна.
Тэр байтугай хүмүүсийн тэтгэврийн хадгалуулсан мөнгө, өвчин зовлон тусвал авч хэрэглэх гэсэн эрүүл мэнд, нийгмийн даатгалын мөнгийг нийлүүлж байгаад дампуурч мэдэхээр банкинд аваачиж хадгалуулчихаад “Өө би хадгалуулаагүй. 240 тэрбум төгрөг байгаа” гэж ярьж байна. Ийм улаан цайм мэлзсэн, гүтгэсэн юм ярьж байгаа юм. Мэлзэхдээ гол нь биш. Цаана нь байгаа олон мянган хүний тэтгэврийн мөнгийг хэн олж ирэх юм. Ийм юман дээр санал зөрч байгаа болохоос биш Эрдэнэ, Элбэгдорж бид ардчиллын төлөө хамт явсан. Тэр байр суурьдаа хэвээр байгаа. Эднийг өөрчлөгдөөд байгааг гайхаад байгаа юм.
-Тэднийг МАНАН бүлэглэлийн нэг хэсэг гэж Та ярьсан. Ц.Элбэгдорж гуай манай нэвтрүүлэгт орохдоо МАНАН бүлэглэгийг таныг бий болгосон. Баярын Засгийн газарт Шадар сайдаар очсон гэж ярьсан?
-Ц.Элбэгдоржийн хэлснээр ч болчихгүй л дээ. МАНАН, Хонгил гэдэг чинь хууль хяналтын байгууллагыг заавал гартаа оруулж байж хийдэг ажлыг хэлнэ. Түүнээс биш Элбэгдорж өөрөө Ч.Улаан Шадар сайд нь болоод хамтарсан Засгийн газар байгуулсан шүү дээ. Би тэрийг МАНАН гэж хэлэхгүй. Хэн нь эхэлсэн нь чухал биш. Эхлээд Ц.Элбэгдорж 2004 АНУ-аас ирээд Ерөнхий сайд болсныг мартчихсан уу.
-Тийм?
-Тэгээд яагаав. 2008 он гэдэг дөрвөн жилийн дараа байгаа биз дээ. С.Баяртай нийлээд долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа хамтраад Засгийн газар байгуулж байсан.
-Ц.Элбэгдоржийн үед Ч.Улаан Шадар сайд байсан юм уу?
-Байсан.
-Тэгэхээр хоёр нам хамтарсан байж таарах нь?
-Хамтарсан байхгүй юу. Та нар Ц.Элбэгдоржийг нэг юм ярихаар үнэн гээд ойлгочихдог юм уу, хаашаа юм. Тэр хүн чинь худал хэлдэг болоод удаж байна. Гэхдээ би хэн нь түрүүлсэн бэ гэхээсээ хоёр, гурван нам хамтарч ажиллахыг буруу гэхгүй. Хонгилоо үүсгэж байгаад цаашаа Монголын улстөрд явж, шоволзож мэдэх амьтныг дарах, хамаатан садныг нь, өрсөлдөгчөө, бизнесийнхнийг шоронд явуулдаг хийдэг ийм юмыг Хонгил гээд байгаа юм.
-Таныг “Шударга бусын Хонгил” гэдэг шинэ нэр томъёог улс төрд судлалд гаргаж ирсэн гэж хараад байгаа. Дэлхийн улс төрд судлалд хонгил гэдэг үг байдаггүй юм билээ. Дэлхийд байхгүй үзэгдэл Монголд гарч ирээд тэрийг нь та нэрлэчихсэн юм уу?
-Ийм юм. Би Их сургуульд 10 жил багшилсан. Багшлахын хажуугаар судалгааны ажил хийсэн. Би ер нь судлаач хүн л дээ. Монголын улс төрд болоод байгаа үйл явдлыг судалж үзсэн. Дээр нь өөрөө чааваас нөгөө Хонгилоор нь явсан байхгүй юу. Хамаатан садан, ойр хавынхнаа бүгдийг нь шорон, гянданд хийлгээд явлаа шдээ. Эд нарыг яаж хийгээд байгаа юм гэдгийг судалсан. Өөрсдийн хууль хяналтын байгууллагын хүмүүсээрээ хилс юм хийлгээд өртөөлөөд сайхан дамжуулдаг болсон. Авлигатай тэмцэх газрын байцаагчийг хувьчлаад авчихсан байна. Жишээ нь бид нар дээр Золжаргал гэж байцаагч байсан юм. Тэр Золжаргал гэдэг нөхөр ерөөсөө Алтанхуяг болоод ойр тойрныхонд нь хэрэг үүсгэж шалгадаг хүн. Прокурорт Баярбилэг гээд хүн байна. Тэр нь бүх зөвшөөрлийг нь өгдөг. Шүүх гурван шаттай. Ц.Элбэгдорж Хаан болчихсон бүх шүүгчдийг тавьчихсан юм чинь яах юм. Бүх шүүгчтэй ч ажиллах шаардлага байхгүй. Зоригтоо хэлнэ. Зориг нь доошоогоо команд өгөөд л шууд шорон. Энэ Хонгил биш юу юм.
-Улсын мөнгийг хувьдаа завшчихаад тэр нь илрэхээр “Би Хонгилоор орох гээд байна” гэдэг моод дэлгэрээд байна. Би таныг тэгсэн байж магадгүй гэж хардаж байна?
-Тэр чинь манай Элбэгдоржийн бас гаргасан үг.
-Тийм үү?
-Тийм.
-Ер нь судлаачид тэгж яриад байгаа. Та хүргэндээ давуу тал олгоогүй биз?
-Олгоогүй. Г.Дэнзэнг хэлэх гэж байна уу. Ардын намынхан үүгээр тоглолт хийсэн. Номтойбаяр эд нарын гаргаж ирсэн дүр л дээ. Нийгэмд Алтанхуягийг муу харагдуулах дүр хэрэгтэй. Тэр дүрээрээ Г.Дэнзэнг сонгосон. Дорноговийн хүүхэд шдээ чааваас. Манай дүүгийн охинтой үерхэж байхад нь миний хүргэн болгосон. Намайг огцруулах зэвсэг болгосон. 2014 онд. Давхар Я.Батсуурийг оролцуулсан. Я.Батсуурь тэр үед “Эрдэнэс Тавантолгой”-н захирал байсан. Г.Дэнзэнг Тавантолгойн хэргээр хийсэн. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Гэхдээ Г.Дэнзэн, Я.Батсуурь хоёр бидэнд хөөн хэлэлцэх хугацаа хэрэггүй. Хилс хэрэг үүсгэж, ялласан учраас нэр төрөө сэргээлгэнэ, цагаадах ёстой гээд дахиад шүүхээрээ хэрэг нь дуусаагүй явж байгаа.
Нүүрсний хэрэгт гэхэд Б.Мөнгөнтуяа цагаадсан. Дахиад нэг банди байдаг цагаадсан. Одоо дахиад хоёр банди байгаа би цагаадна гэж бодож байгаа. Л.Гансүх ч цагаадна гэж бодож байна. Хуулийнханд ч өөрчлөлт гарч байна. Үүнийг үнэн зөв тал руугаа эргэх болов уу гэж бодож байгаа. Гэхдээ тайвшраад байгаа ч юм байхгүй.
-“Шударга бусын Хонгил”-оор дамжуулж Ц.Элбэгдоржийн үед өрсөлдөгчөө намнадаг гэж харж байгаа бол шинэ Ерөнхийлөгч гарч ирээд хуулийн байгууллагад өөрийн хүнээ тавина гээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд онцгой эрх мэдэл өгөөд явж байгаа харагдаж байна. Шинэ хонгил үүсэх гээд байна уу гэсэн хардлага байна?
-Би ч бас Хонгил үүсчих вий гэж санаа зовж байгаа. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын нэг юманд найдаж байгаа. Энэ чинь бас Ц.Элбэгдоржийн занаанд ороод өөрөө Хонгилоор орсон хүн. Ойр хавийнх нь олон хүн шорон гяндангаар явсан шүү. Тэгэхээр олон нийтийн өмнө хэлчихмээр байгаа юм. Өөрөө тийм муухай юмаар ороод гарсан хүн арай тийм зүйл хийхгүй болов уу.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгч санал оруулдаг ч АТГ-ын дарга, дэд дарга, Улсын ерөнхий прокурор, орлогчийг УИХ шийддэг. УИХ-д нөгөө нам хэдэн суудалтай билээ?, 64. Цэвэр Ерөнхийлөгчийн хүн, хамааралд орчихож байна гэж харахгүй байгаа. Бодвол хоорондоо ярьж ойлголцоод тавьж байгаа юм байгаа биз. Би хэнийг тавьж байгааг нь сонирхдоггүй.
Хэнбугай ч байсан хоёр дахь хонгил битгий үүсээсэй. Монголын нийгэм ямар ялзарсан юм бэ, би энэ албан тушаалд очоод ийм болчихгүй юмсан гэж бодож байгаа байлгүй дээ. Тэгж найдаж байгаа.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хэтэрхий их эрх мэдэл өгөөд хуучны Онцгой комисс шиг юм болчих вий гэсэн болгоомжлол байна л даа. Зөвлөлийн саналаар УИХ томилно гэдэг нь арай л өрөөсгөл биш үү?
-Өөр арга олоогүй байх чааваас. Ер нь ийм юм байгаа юм, Мөнхтуул аа. АТГ-ын тухай хуульд нэг заалт байгаа. АТГ-ыг татан буулгах, өөрчлөн зохион байгуулах асуудлыг ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэж УИХ шийднэ гэж. Энэ нь яг адилхан байгаа биз дээ.
-Дээрээс гарсан шийдвэрийг УИХ үг дуугүй дага гэсэн агуулгатай хууль болчихоод байгаа юм биш үү?
-Биш биш. Санаа нь ийм байхгүй юу. ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг үндэслэж УИХ шийдвэрээ гаргана гэж.
-Зөвлөмжийг дагахгүй байсан ч болно гэж үү?
-Ер нь тийм. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүн тухайн зөвлөмжийг зөв гэж үзвэл итгэл үнэмшлээрээ дэмжинэ, буруу гэвэл эсрэг кноп дарж болно. Энийг хэтэрхий туйлшруулаад байгаа юм.
Дахиад нэг юм хэлэхэд Элбэгдорж АТГ-ын хоёр дарга, прокурорын хоёр дарга, Дээд шүүхийн даргыг сольтлоо дор хаяж долоогоос найман жил болно гэж тооцсон байх. Ер нь тэгнэ шдээ. Өөр аргаар явахгүй бол. Үүнээс өөр арга байхгүй байсан байх.
-Дараагийн Ерөнхийлөгчөөр гарч ирсэн хүн нь Хонгилын эзэн болдог нөхцөл байдал үүсчихээд байна шүү дээ?
-Сайжрах тал руугаа өөрчлөлт явж байна. Хуучин хязгааргүй эрх Хаант засаглал гэдэг шиг Ц.Элбэгдорж найман жил хаанчлаад дараагийнхаа хааныг бараг тодруулаад явсан юм биш үү?. Харамсалтай нь, тэр нь унаад Х.Баттулга гарчихсан болохоос. Би яагаад дахин дахин Элбэгдорж, Миеэгомбын Энхболдыг хэлээд байдаг уу гэхээр эд нар Монголд шударга ёс, өрсөлдөөн тэмцэлдээнийг бүгдийг нь нураасан. Эрх орноо гэсэн, шударга байя гэсэн хүмүүсийг сэтгэл санаагаар нь яаж алах уу, болдог бол бараг нам дарах бүх ажлыг хийсэн.
-Та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг найман жил ажиллахад нь тухайд үед энэ шүүмжлэлээ яагаад нүүрэн дээр хэлээгүй юм бэ. Буусных нь дараа хэлж байгаа нь хоёр нүүртэй гэж харах шалтгаан болж байна?
-Найман жил ярихүй л дээ. Би намын дарга байхдаа 2009 онд Ц.Элбэгдоржийг дэмжиж нэр дэвшүүлсэн хүн нь би мөн. 2013 онд Ерөнхий сайд байхдаа нэр дэвшүүлж гаргасан би мөн үү гэвэл мөн. Намын хамт олны дэмжлэг байгаа л даа. Эхний дөрвөн жил Элбэгдорж гайгүйдуу ажилласан уу гэвэл ажилласан. Гайгүйдуу гэдэг нь хорлон сүйтгэх ажиллагаа бага хийсэн гэж хэлж байгаа юм. 2013 онд дахин сонгогдоод энэ хүн араатан болсон. Яагаад гэхээр бүх зэвсгээ бэлдчихсэн байсан. Өмнөөс нь дуугарах байтугай хардаг хүн байхгүй болсон. Би Ерөнхий сайд байсан учраас дуугарсан. Тэрийг заавал олон нийтийн өмнө ил гарч хэлэх шаардлагагүй.
-Хөшигний ард уу?
-Хөшигсөөд байх юм байхгүй. Тавантолгой дээр ийм юм хиймээр байна гэсэн чадахүй гэсэн. Оюутолгой дээр ингэмээр байна гэсэн. Энэ бол улс эх оронд ашиггүй, хэрэггүй зүйл хийхгүй гэсэн. Шанд нь хавь ойрынхныгоо бариулж шоронд хийлгэсэн. Ганц өдөр болчихоогүй зүйл. Үргэлжлээд явсан. Хамгийн сүүлд нь үгэнд орох юм уу гэсэн. Чадахүйгээ хэлсэн.
Тэгээд яах гэсэн. Өргөдлөө өг гэсэн. Өгөхгүй гэсэн. Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд хүмүүсийн нүдэнд итгэлийн оч гараад, болох юм байна гэсэн бодол төрж эхэлсэн байхад би яагаад өргөдлөө өгөх юм. Үргэлжлүүлээд хоёр жил Ерөнхий сайдаа хиймээр байна гэсэн. Тэгвэл өргөдлөө өг гэсэн. Чадахгүй гэхэд огцруулсан.
-Ерөнхийлөгчтэй Оюутолгой, Тавантолгойн асуудлаар санал нийлээгүйн улмаас огцруулсан гэж байна. Жишээ нь, Оюутолгойд ямар асуудлаар санал зөрсөн юм?
-Оюутолгойг энэ чигээр нь цаашаа яв л гэсэн. Одоо Дубай гэж яриад байгаа. Миний үед Дубай гэж ярьдаггүй байсан юм. Миний үед Оюутолгойн гэрээнд хойд талаас нь нэг цаас зурмаар байна гэдэг юм. Нөгөө тал нь. Тэгээд тэр цаасан дээр зур гэсэн. Энд зурвал Улаанбаатар болно, тэнд зурвал Дубай болно. Тийм л нэртэй байхгүй юу. Би тэгээд холбогдох хүмүүстэй нь уулзаж ярилцаад дээр нь тооцоо судалгааг нь үзэхэд манайд ашиггүй юм билээ.
-Дубайн гэрээг зурагдахаас өмнө албан бусаар мэдэж байсан юм байна, тийм үү?
-Мэдэхээр барахгүй, намайг тэрэн дээр зур гэж байсан юм чинь.
-Тэгээд Ч.Сайханбилэг Засгийн газар, УИХ-даа ч мэдэгдэлгүй нууцаар ганцаараа очоод зурчихсан юм бэ?
-Ч.Сайханбилэгээс л асуу л даа.
-Та мэдэж байсан юм бол яагаад олон нийтэд мэдээллээгүй юм, энэ талаар?
-Тэрийг мэдээллэж яах юм. Зурахгүй гээд зураагүй юм чинь. Зурахгүй байх нь Монголд ашигтай байсан байхгүй юу.
-Улсын эрх ашигтай холбоотой асуудлаар таныг дуугарах ёстой байсан юм биш үү гэж хараад байна л дээ?
-Нэг ийм юм байдаг юм Мөнхтуул аа. Монгол Улсын Ерөнхий сайд хүн ажлаа л хийдэг байхгүй юу. Ерөнхийлөгч хүн ажлаа л хийх ёстой. Бид ажлаа л хийсэн. Санал зөрөх юм гарна. Гэхдээ улс оронд хортой зүйл байвал болъё л гэж хэлнэ биз дээ. Энийг л хэлсэн. Тэрийг заавал олон нийтэд гарч ирээд хэлэх шаардлагагүй. Огцорсны дараа бол ярьсан. Цаашид улс оронд ийм хохиролтой юм битгий хийгээсээ гэж хэлж байгаа юм.
-Ч.Сайханбилэг танай Засгийн газрын “гал тогоо”-г барьж байсан хүн байж таны эсрэг ажиллаад Ерөнхий сайд болчихсон. Тэрийг та юу гэж боддог вэ?
-Тэр худлаа л даа. Харин Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоход дэмжсэн хүн шүү. Гарч ирээд ийм юм хийнэ гэж огт тооцоогүй. Өөрөө сэтгүүлч хүн мартчихсан уу?. Ч.Сайханбилэгийг гарч ирэхэд “Том биетэй л болохоос Алтанхуяг байна” гэж эхлээ биз дээ. Тэгээд хэд хоногийн дараа элэнцэгнийх нь Алтанхуяг. Элбэгдорж байсан юм гэж ойлгосон шдээ.
-Ч.Сайханбилэгийг таны залгамжлагч байж магадгүй гэж ярьж байсан шүү дээ?
-Би ч, олон ч хүн тэгж горьдсон. Тэгсэн Ц.Элбэгдорж байсан.
-Дубайн гэрээний асуудлаар Ч.Сайханбилэг өөрийнхөөрөө боломжоор яваагүй. Цаана нь өөр нөлөө байсан гэж хараад байна?
-Тэрийг мэдэхгүй. Өөрөөс нь асуух хэрэгтэй. Гэхдээ буруу юм хийсэн. Маш олон буруу юм хийсэн.
-Дубай явна гэж танд хэлээгүй юу?
-Надад хэлж яах юм. Би чинь Ерөнхий сайдаа өгчихсөн хүн шдээ. Намайг дахиж тоож харьцах ч шаардлага ч байхгүй. Л.Гансүхийг маань зохиомол хэргийг зогсоогоод, шорон гянданд хорьчихгүй үлдээчих юм болов уу гэж 2016 оны гуравдугаар сарын 23 хүртэл би дув дуугүй байсан шүү.
-Харин тэгсэн?
-Тэгээд Дээд шүүхээс ял өгөөд явуулсны дараа дөрөвдүгээр сарын 4-нд буюу арав хоногийн дараа гарч Ц.Элбэгдоржийг зарласан. Өөр арга байгаагүй. Хүн чинь бас тэгдэг юм байна. Нүүрсийг хямдруулж зарах ажлыг Ерөнхий сайд шийдвэр гаргаж хийсэн. Хийсэн хүн нь хөөрхий Л.Гансүх. Гэтэл анхан болон давж заалдах, Дээд шүүхийн бүх хурлыг дуустал горьдлогын нүдээр харсан. Тэр болтол дуугүй явсан. Ядаж нэг хүний хүүхдийг хилс хэргээр явуулчихгүй юмсан гэж горьдоод амаа хамхисан. 2016 оны дөрөвдүгээр сараас миний ам хамхигдахааргүй болтлоо ажиллаж байгаа шүү. Одоо надад алдах юм байхгүй.
-Оюутолгойн гэрээг анх байгуулахдаа монголчуудад хохиролтой байдалтай болгоход та оролцсон юм болов уу гэж хардаж байна?
-Сүүлд ярихаар сайн муу янз бүрийн юм ярьж байна. Гэхдээ тэр үед улс төрийн шийдэл хийгдсэн юм. Хоёр том гүрний дунд байгаа жижигхэн улс. Гуравдагч ертөнцийн томоохон хөрөнгө оруулалтыг хийх нь зөв үү, буруу юу гэдэг улс төрийн шийдэл хийгдсэн.
Анхны гэрээг байгуулахад оролцсон мөртлөө Дубайн гэрээг яагаад эсэргүүцсэн юм гэхээр өмнөхөөсөө дордуулсан байсан. Тэр үеийнхээ гэрээг сайжруулах асуудал оруулах нь УИХ-д нээлттэй. Сая УИХ-аар өөрчлөлт оруулна гэж ярьж байгаа чимээгүй болчихлоо.
-С.Баярын Засгийн газар эх орныхоо эсрэг ажилласан гэж хараад байгаа. Юу гэхээр 34 хувийг үнэгүй эзэмших ёстой байтал батлахдаа үнэтэйгээр эзэмшинэ гэж хувиргасан?
-34 хувийг нь төр өмчлөхөөр УИХ-д орж ирсэн. Тэгэхэд үнэгүй гэдэг хувилбарууд яригдаж байсан. Цаасан дээрээ буугаад орж ирэхдээ 34 хувийг төр эзэмшинэ гэж орж ирсэн.
-Төр эзэмшихдээ яагаад заавал үнэтэй, үнэтэйдээ бүр хүүтэйгээр эзэмшинэ гэж. 6.5 гэдэг бол маш өндөр хүү. Зөвхөн хүү нь гэхэд 560 сая ам.доллар болчихсон байна шүү дээ. 30 жилийн дараа монголчууд ногдол ашиг хүртэхээр байгаа?
-Юун 30 жил гэж.
-2048 он гэж яриад байгаа?
-Наадах чинь ийм учиртай. Анхныхаа гэрээгээр 2020 хэдэн онд ногдол ашиг авч эхлэх юм. Алдаа оноотой юм байгаа ч би анхны гэрээг буруутгаж чаддаггүй. Цэвэр улс төрийн шийдвэр байсан.
Улс төрийн шийдвэрийн хувьд гуравдагч орны том хөрөнгө оруулалтыг оруулж ирэх зүйтэй гэж дэмжиж байсан. Энэнээс цааш хэтэрнэ ээ. Бид дандаа сайжруулж яваа. Оюутолгойн гэрээг сайжруулж болно шдээ.
Тийм учраас манай Засгийн газар яагаад яагаад огцорсон юм гэхээр гэрээг өшөө муужруулахгүй гэдэг байр суурьт хатуу зогссон. Нэгдүгээрт, бидний ногдол ашиг авах хугацаа асар их хоошой шигдэгдэж байгаа. Хоёрдугаарт, анхны хөрөнгө оруулалтын маргаан явж байсан. Тэр нь алга болсон Дубайн гэрээгээр. Манай Засгийн газрын үед хоёр тэрбум ам.долларын хэтрэлт гэсэн маргаан үүсээд Ч.Улаан сайдаар ахлуулсан ажлын хэсэг гараад хасах юм зөндөө байна гэж ярьж байсан. Одоо үнийг ярьж байгаа хүн байна уу. Байхгүй.
-Дубайн гэрээгээр тэрхүү нөхцөл суурийг нь тавьчихсан гэж хараад байгаа. Одоо бүр 11-12 тэрбум ам.доллар болж өссөн. Анхнаасаа гурав дөрөв дахин өссөн жишээтэй?
-Тийм зүйл гаргахгүй төлөө явснаараа манай Засгийн газар огцорсон. Манай Засгийн газар огцорсны маргааш Рио Тинтогийн Ерөнхийлөгч нь сайн зүйл боллоо, гайгүй хүмүүстээ уулзах нь гээд ирж байсан.
-Рио Тинтогийн шийдвэрээр Монголын Засгийн газрыг хэн удирдах вэ гэсэн хардлага яваад байгаа?
-За мэдэхүй ээ. Ямар ч байсан над дээр ирсэн хариуцлагыг хүлээсэн. Гэхдээ би дандаа хэрэлддэг хүн биш шүү. Рио Тинтотой холбоотой 20-иод асуудал цугларчихсан байсан. Шийдэж явсаар дөрвөн тавыг үлдээсэн шүү. Зарчмын асуудал байсан болохоор буулт хийж чадаагүй. Тэгээд огцорсон.
-У.Хүрэлсүхийн Засгийн газар Рио Тинтотой ширээний ард суух гээд чадахүй байна. Яах ёстой юм. Хэрвээ У.Хүрэлсүхийн оронд байсан бол ямар гарц шийдэл гаргах байсан бэ?
-Рио Тинто дээр би болохоос нь болохгүй хүртэл яваад огцорсон. Цаашид гарцаа өөрсдөө хайж олцгоо.
-Өр шир нь нэмэгдээд байгаа болохоор 34 хувиа гаднынханд заръя. Эсвэл өөрсдөө худалдаж авъя гэх зэргээр янз бүрийн шийдэл ярьж байна?
-Монгол ардын сайхан зүйр цэцэн үг байгаа. Эцэг өвгөд бидэнд зөндөө юм заагаад өгчихсөн. Амьд хүн аргатай, аргалын гал цогтой. Арга хайвал олдоно. Би арга хайж мундаг явж чадаагүй юм гэхээр хууль хяналтын байгууллагын Хонгил дарамт асар их байсан учраас цаашаа явж чадаагүй огцорсон. Огцорч байгаа нь бас миний арга шүү.
-Хариултаас бултаж байна уу, нүглээс бултаж байна уу?
-Хариуцлагаас, юунаас ч бултсан байна уу Монголынхоо Оюутолгойгоос авдаг ногдол ашгийг ухраагаагүй. Хоёр тэрбум ам.долларын хэтрэлтийг зөвшөөрөөгүй. Тэгээд л ойлгоцгоохгүй юу.
-Тавантолгойн гэрээн дээр ч огцрох шалтгаан болсон гэсэн. Энэ гэрээг Монголдоо авч үлдсэн гэж яриад байгаа. 800 тэрбумын орлогоос төмөр зам барина гэж байна. Уг нь наад зах нь 260 км далан барьсан Гашуунсухайт руугаа төмөр зам барьчихгүй яагаад хаа байсан 400 км Зүүнбаян руу тавих гээд байгаа юм бэ?
-Мэдэхүй шдээ. Хэн тийшээ тавих гээд байгаа юм. Би байсан бол ямар ч байсан урдах замаа гүйцээнэ.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр тийм шийдвэр гарсан гэсэн?
-Тэр надад хамаагүй.
-Та хөндлөнгөөс юу гэж харж байна. Буруу шийдвэр үү?
-Юмыг хажуунаас нь шүүмжлэх шиг амархан юм байхгүй. Би өөрөө тэнд ажиллаж, У.Хүрэлсүхийн оронд сууж байсан хүний хувьд шүүмжлээд байх юм алга. Яагаад Дубайг, Тавантолгойг шүүмжлээд байгаа юм гэхээр улаан цайм эсэргүүцээд хийчихсэн. Тэгэх, тэгэхгүйдээ толгойгоо л ажиллуулахгүй юу. Яах гэж Ерөнхий сайд болсон юм. Яах гэж улс эх орныхоо төлөө юм хийнэ гэж гарч ирсэн юм. Өнөөдөр тэгээд Хятад руу мал гаргана ч гэнэ үү. Өөрийг чинь асуусан дээр нь хэлчихэе. Буруу буруу мянган юм хийх юм аа. Арьс, шир, нэхийгээ эндээ янзлаад манай Засгийн газрын үед Монголдоо бүтээцгээе гээд явсан. Одоогийн Х.Баттулга Ерөнхийлөгч их дэмждэг байсан. Одоо тэгсэн Монголдоо бүтээж яах юм малаа тэр чигт нь амьдаар гаргачихая гэдэг улс дэлхий дээр байдаггүй юм аа.
-Та түрүүн миний асуултад гүйцэт хариулсангүй өөр сэдэв рүү хазайчихлаа. Тэр төмөр замын асуудал, чиглэл дээр жишээлбэл, 267 км далангаа гүйцэхгүй яагаад Зүүнбаян руу тавихаар болчихов оо. Арай гэж олсон орлогоо үр ашигтай зарцуулмаар байна шүү дээ?
-Чи наадахаа тэр У.Хүрэлсүх гэдэг сайдтайгаа уулзаад ярьчихаж болдоггүй юм уу. Би Ерөнхий сайд байхад долоо хоног бүр та нарт байцаагддаг байсан.
-Таны зөвлөхөөр нь ажиллаж байсан Ерөнхийлөгч үүнд нөлөөлчихөв үү?
-Мэдэхгүй. Ер нь бас тэгээд битгий бантан хутгаад бай. Засгийн газар л хариуцлага хүлээнэ. Төмөр замыг хаашаа барих дээр. Ойлгосоон. Миний үед ярьж байгаад урагшаа гарах төмөр замаа баръя гээд далангаа барьчихсан. Би байсан бол тэрийгээ гүйцээчихээд дараагийнх руугаа орно. Урдахаа хаячихаад хажуу тийшээ орчихож байгааг би ойлгохгүй байна. Эд нарт ямар зовлон жаргал тохиолдоод байгааг би яаж мэдэх юм.
Ухна гэдэг амьтан ишигний зовлонг мэддэггүй юм гэдэг үгийг бас нэг саначих. Мэдэхүй байж хажуунаас нь мянган юм заах гээд надад бас эвгүй, хэцүү. Ёс зүйгүй болно.
-Бизненийн үнийг барьж чадахүй асуудлаар өөрсдөө үйлдвэртэй болъё гээд ярьж байна?
-Эргээд харахад Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд баахан хөөрцөглөв өө эд нар. Битгий хөөрцөглө. Нээх их мөнгө төгрөг идчихсэн юм шиг яриад. Үнэ тогтворжуулах бодлого зөв үү гэвэл зөв. У.Хүрэлсүхээ би одоо өөрт чинь хэлчихэе. Битгий хүн шүүмжлэхээр амьтнаас айж алгын чинээ болж бай. Зөв бодлогыг ямар ч Засгийн газар авч явах ёстой.
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс болж валютын ханш хөөрөгдчихсөн юм биш үү?
-Тэгж ярьдаг юм. Тэр бол юм мэддэггүй хүний үг. Юман дундуур явчихсан болохоор хамаагүй шүүмжилж чадахгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд илүү мөнгө гаргадаггүй юм. Зээл өгдөг юм. Буцаагаад төлдөг юм.
-Долоон их наяд төгрөг тараачихсан гэж яриад байгаа шүү дээ?
-Тэрийг мэдэхгүй. Монголбанк мөнгөний бодлогоо барьдаг болохоор алинд нь хэдийг өгөх вэ гэдгийг шийднэ.
-Бодитой эх үүсвэр биш мөнгө хэвлээд тараачихсан гэж яриад байгаа. Үүнээс болж ханш өссөн гээд л?
-Энэ бол өрөөсгөл. Бид цаад талд нь 5.5 тэрбум ам.долларын бонд босгосон. Хоёр талаас биш олон талаас нь харж зөв дүгнэлт хийх ёстой. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт алдаа гарсан гэж ярьдаг л юм. Гэхдээ Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэнд хэрэгтэй юм. Алтанхуяг, Хүрэлсүхэд биш. Ард түмэнд хэрэгтэй. Үүнийг зээл гаргаж хийдэг болохоос биш мөнгө үрж хийдэг ажил биш байхгүй юу. 99 хувийн буцаан төлөттэй юм билээ. Тодруулаарай. Арматур авна гээд зээл авчихаад өөр зүйлд зарцуулсан бол энэ нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн буруу биш авсан нөхөр нь хариуцлага хүлээнэ. Юмаа жоохон ялгаад яв л даа. Хоороороо худлаа яриад явах юм.
Их л гоё либерал мундаг үгнүүд хэлж байна лээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэггүй. Алаад өгнө гэсэн. Алаад л өглөө шүү дээ. Бинзенийн үнэ хэд дахин өсөв. Валютын ханш хэд болчихсон явж байна. Ийм өрөөсгөл дүгнэлт хийж хэрэггүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгсөн.
Ийм бодлогыг тогтвортой урт хугацаанд авч явж байж үр дүн гарна. Илүү зардлыг нь аль болох багасгах ёстой.
-Бондын зарцуулалтад нэлээд шүүмжлэл гарсан. Хэдэн их наядаар нь буруу ашигласан гэх зэргээр?
-Улстөрждөгөө болих хэрэгтэй. Юмны учир начир ойлгох хэрэгтэй. Дөрвөн аргын тоо ядаж гадарладаг байх хэрэгтэй. Намуудын төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулдгаа болих хэрэгтэй. Шалгах гэж байгаа бол юм мэддэг мэргэжлийн эксперт оруул. Ч.Хүрэлбаатар намайг Сангийн сайд байхад манай яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан. Ч.Хүрэлбаатар дөрвөн аргын тоо мэднэ. Гэхдээ энэ хүн улстөрждөг юм байна. Миний жаахан дургүй хүрээд байгаа юм. Байнга цаас харуулна. Өр төлөв гээд. Өр төлөх буруу биш. Аль Засгийн газар гарч ирсэн хийх ажил.
Өр шир яриад байгаа болохоор дөрвөн тоо үзүүлсэн нь дээр. Миний тавьсан өр ч гэж юу байх вэ. Монгол Улсын өр. Манай Засгийн газрын үед улсын өр 21 тэрбум ам.доллар байсан. 2014 оныг ярьж байна. Тэрэн дотор Засгийн газрын өр нь 3.5 тэрбум ам.доллар байсан. Бусад нь хувийн хэвшлийнх. Тэгээд өр төлөөд байгаа биз. Өнөөдөр хэдэн он юм, 2019 он. Таван жилийн дараа гэж бодоход улсын 29 тэрбум ам.доллар болсон байна. Найман тэрбум ам.доллараар нэмэгджээ. Янз бүрийн шалтгаантай байх. Цэвэр Засгийн газрын өр хэдээр нэмэгдсэн байна. 3.7 тэрбумаар. Тэгэхээр өр зээл төлөөд байгаа чинь хаана байгаа юм бэ? Ч.Хүрэлбаатараа гэж асуумаар байгаа юм. Үүнийгээ гараад ард түмэнд тайлбарлаад өг дөө.
-Танай Засгийн газрын үед зээлсэн бондыг Ардын намынхан хүртээгүй Ардчилсан намынхан хуваагаад авчихсан гэсэн хардлага байна?
-Намын дарга хийж явсан, улс төрд олон жил явсан хүний хувьд надад улстөржилт их бага байдаг юм байна. Ямар асуудлаар гээч. Ялангуяа улс орны хөгжил, ардын амьжиргааг дээшлүүлэх асуудлаар.
Номтойбаяр 100 сая гаруй ам.долларын зээл авсан. Гэхдээ Номтойбаярт өгөөгүй шүү. Номтойбаярын цаад талд цементийн үйлдвэр босч байсан. Би очиж үзсэн. Хажууханд бас нэг цементийн үйлдвэр босч байсан. Дээрээс нь Хөтөл босчихвол гурван сая тонн цементийг дотооддоо үйлдвэрлэдэг болох юм байна гэсэн бодол төрсөн. Өөрөө сэтгүүлч хүн гэхэд их улстөрждөг хүн байна шүү.
Тэр Ц.Гарамжавт өгөөд байх даа яадаг юм, тэр Номтойбаярт өгөөд байх даа яадаг юм Ардчилсан намын дарга байж гээд л. Ардчилсан намын цемент, Ардын намын цемент гэж байхгүй шдээ. Бид гаднаас л авна гэсэн. Одоо тэр мөнгийг нь мэдэхгүй. 100 гаруй, 100 гаруй тэрбум төгрөг тэнд явж байгаа шд.Тэгэхээр ийм юман дээр битгий улстөржилдөө.
-Ингэхэд Та яагаад гэнэтхэн Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгчихөв өө. Таныг Ерөнхийлөгчтэй муудалцаад эхэлсэн байх гэж хардаж байна?
-Энэ хардлага хэзээ дуусах юм бэ. Тийм юм байхгүй. Ерөнхийлөгч болсноос нь хойш зөвлөхөөр нь жил хагас гаруйн хугацаанд хамтарч ажиллалаа. Чи намайг харж байгаа шдээ. Монголд болж байгаа шударга бус зүйлтэй тэмцээд эхэлчихсэн. Тэгээд намынхаа тухай үг хэлье гэсэн. Тэгэхэд Ерөнхийлөгч намын тухай үг хэлэх чинь аюултай. Өөрөө зөвлөх байж гэсэн. Тэгэхээр би болчихоё. Ажлаа өгье гэсэн.
-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн тулд ажлаа өгсөн байх нь?
-Би ч бас ам хамраа хүнээр хаалгаад байдаг хүн биш л дээ.
-Анхнаасаа яагаад Ерөнхийлөгчийн зөвлөх болсон юм бэ. Таныг Ерөнхий сайдаас огцруулахад оролцсон хүн биз дээ. Ерөнхийлөгч болонгуут нь гэнэт зөвлөхөөр болов?
-Бид хоёр муудалцаад байсан юм байхгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрыг заналтайгаар огцруулна гээд огцруулж байсан. Тэрийг ухаан мэдрэл сайн хүн учраас сайн мэдэж байгаа, мартаагүй. Гэхдээ муу юм уу янз бүрийн юмыг уучилдаг байх хэрэгтэй. Хүн алдаж болно. Засгийн газрыг огцруулсан асуудлыг нь уучилсан, өөрөө ч ойлгосон байх.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сунгаан дээр уулаа Миеэгомбын Энхболдыг ямар ч талаас нь дэмжих боломж байхгүй. Тийм учраас Баттулгыг тэр дотроо Хонгилоор ороод гарсан хүний хувьд дэмжсэн. Х.Баттулгад нэг юм байдаг юм. Монголоо гэсэн юм. Тэр нь надад итгэл өгсөн. Азаар Ерөнхийлөгч болсон. Зөвлөх гэхээр нь хамтарч ажилласан. Маргаан бол байдаг зүйл.
-Одоо шүүмжлээд байгаа хүмүүстэйгээ эргээд хамтарч ажиллах магадлал байгаа болов уу?
-Байгаа. Гэхдээ нөхцөлтэйгөөр. Ц.Элбэгдорж энэ хэд баахан юм хусчихсан байхгүй юу. Дэндүү увайгүй, улаан цайм. Улаанбаатар хотын газар гэхэд М.Энхболдтой холбоотой. Тэрнийгээ Та нар бүгдийг нь өг. Наад дээрэмдсэн өмч хөрөнгөө өгсөн тохиолдолд хамтрая. Эрдэнээ дээр гэхэд олон түмний тэтгэврийн мөнгийг Капитал банкинд өгснөө хүлээчих л дээ.
-Сангийн сайд, Шадар сайд, Ерөнхий сайд байсан хүний хувьд албан тушаалын давуу эрхээ ашиглаж байсан юм шиг санагдаад байгаа. Энэ хооронд таны хөрөнгө нэлээд нэмэгдсэн байх?
-Хардаж л байхгүй юу. Ц.Элбэгдорж шиг хаан хүн намайг 10 жил шалгасан. Асуудалтай бол хар гэртээ аваачаад цоожилчихоно биз дээ.
-Та чацарганы бизнес эрхэлдэг. Энэ бизнес тань хэр өргөжсөн вэ. Үүнийгээ эхлүүлэхийн тулд эх үүсвэрийг нь хаанаас олсон юм бэ. Магадгүй ЖДҮ маягийн хөнгөлөлттэй зээл олоод авчихсан юм болов уу гэж бодож байна?
-Хуба Хаяа гэж үйлдвэр байгуулах талаар олон жил мөрөөдөж ирсэн. Дөрөв таван жилийн өмнөөс байгуулж эхэлсэн. Мэдээжийн хэрэг улстөрч, Ерөнхий сайд хийгээд явж байгаа хүн олон түмний нүдэнд ил байдаг. Дээр нь Ц.Элбэгдорж 10 гаруй жил ухлаа. Тиймээс ЖДҮ-ийн зээлэнд ороогүй. Чингисийн зээлэнд ч ороогүй. Орж болохгүй угаасаа. Миний зарчим тэр. Хүний нэр мэр ашиглаад мянган юм л хийдэг юм билээ. Тэр чинь онцгүй байхгүй юу. Ер нь юм гэдэг хэзээ нэгэн цагт илэрдэг. Тийм учраас би арилжааны зээлтэй.
-Арилжааны зээл гэхээр нэлээд өндөр хүүтэй байх нь. 20 хувь байдаг бил үү?
-20 руу дөхнө. Хойд хормойгоороо урдахаа нөхдөг юм. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ.
-Танайх ам бүл хэдүүлээ билээ?
-Бүгдийг нь тоочих хэрэг байна уу. Олуулаа, өнөр өтгөн. Найман хүүхэдтэй айл шүү дээ.
-Хүүхдүүд тань сургууль соёлоо төгсчихсөн ажил төрөл...?
-Манай хүүхдүүд төрд ажиллаж болдоггүй. Манай нэг охин их сургууль төгсөөд Сангийн яаманд ажиллаж байхад нь гурван сар АТГ-ын хаалга сахьсан. Намайг Ерөнхий сайд байхад. Сүүлдээ өөрөө ч больсон. Манай хүүхдүүдээс төр рүү орсон хүүхэд алга. Би ганц нэгийг нь оруулчихъя гэж бодсон манай хүүхдүүд орохгүй гэж байна лээ. Ааваа наадах чинь аягүй муухай нийгэм байна лээ шд гэдэг.
-Одоо та нам байгуулах гээд яваад байна уу?
-Би нам байгуулахгүй. Нэгдмэл Монгол гээд хөдөлгөөн байгуулсан. Гурван зорилготой. Нэгдүгээрт, Шударга бусын хонгилоо нураана. Л.Гансүхтэй хамтраад ажиллаж байгаа. Л.Гансүх бас Хонгилоор орж хэлмэгдсэн хүмүүсийн холбоо байгуулчихсан явж байгаа. Хоёрдугаарт, газрын баялгийг цөөхөн хүн дээрэмдэж авдгийг таслан зогсооё. Гуравдугаарт, дунд давхрагыг бий болгоё. Дундаж давхрага гэдэг нь үнэхээр хүмүүсийн орлогыг нэмүүлэх тухай асуудал.
-2020 оны сонгуулиар АН-аас нэр дэвших үү, шинэ намаас өрсөлдөх үү, эсвэл бие даах уу?
-Одоо хар даа. Би одоо Монголын ард түмний буян, АН-ын олон мянган гишүүний дэмжлэг, тусламжаар гурван удаа УИХ-ын хуралд сонгогдлоо. Дөрвөн ч удаа сайд хийж үзлээ. Надад тэр УИХ, сайд сонин биш болчихсон. Надад нэг л юм чухал байна. Монголд дундаж давхрагыг яаж бий болгох уу. Үүнийг хиймээр байна.
-Ингэхийн тулд шийдвэр гаргах төвшинд очих хэрэгтэй болно?
-Юм ойлгодог хүмүүст нь хэлж өгөхөөр тэд нар хийх болов уу. Тийм л арга байна шдээ.
-Сонгуулийн тогтолцоон дээр “Улс-нэг тойрог” гэсэн төсөл оруулж ирсэн нь маргаан дэгдээж байна?
-Би нэг юм хэлчихэе. Их чухал асуудал хөндөж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ярьж байна. Та нар энэ сонгуулийнхаа тогтолцоог Үндсэн хуульдаа оруулж өг.
-Оруулахгүй. Сонгууль болгоны хуулиар өөрчлөнө гээд байгаа?
-Энэ нь юугсэн үг юм гэхээр Монголын төрийг самарна гэсэн үг. Үүнийг хийхгүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт хэрэггүй.
-Тодорхой тусгаж өгөх ёстой гэж үү?
-Тодорхой тусгаж өгөх ёстой. 2016 оны луйвар хийсэн шиг 76 жижиг тойрог ерөөсөө Монголд болохгүй. Үүнийг заавал өөрчлөх хэрэгтэй. Ямар ч байсан том байх ёстой шүү. 2016 онд сонгуулийн тойргийг битгий өөрчлөөрэй гэж мянга гуйсан. Тас цавчаад Ардын намтай нийлээд өөрчилсөн. Үр дүнд нь улс дампуурч байгаа биз дээ. АН мундаг хожсон юм байхгүй. МАН ч хожсон юм байхгүй. Хэн хожсон юм. Улс дууссан байхгүй юу. 65 гарч ирээд бас хоорондоо янз бүр болоод бөөн юм болж байна. Сонуулийн хуулийг жижигхэн болгож болохгүй шүү гэж хэлээд байгаа юм.
Эцэст нь хэлэхэд Монголд эдийн засгийн асуудал байхгүй ээ. Хүн шиг амьдраад, улс шиг хөгжиж болно. Манай Засгийн газар тэгж хэлээд алуулсан. Хоёр жил ажилласан. Бид бас хүн шиг амьдраад, улс шиг хөгжихийн тулд жоохон юм хийж эхэлсэн байхгүй юу. Асар их итгэл байна надад. Монгол Улсад асар их боломж байна. Хулгай дээрмээ л зогсоочих. Өөр хүсэх юм алга. Тэгээд шударга ёс тогтчих юм бол маш богино хугацаанд чинээлэг дундаж давхрага бий болно.
Сэтгэгдэл (59)