Энэ онд Монголын эзэнт гүрний нийслэл, дэлхий дахины даяаршлын өлгий хот Хархорум (Хар хүрэм)-ыг байгуулсны 800 жилийн түүхэн ой тохиож буй билээ. Энэ талаар шагшин байх ёстой атал таг чиг буйд харамсал төрнө. Тэртээх 2004 онд “Зууны мэдээ” сонинд бичиж байсан МЗЭ-ийн болон нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Битогтохын Цогнэмэх нийтлэлийг дахин толилуулж байна.
Чингис хаан дэлхийн донсолгосон түүхэн зарлиг шийдвэрийнхээ нэгийг 1220 онд гаргасан нь Хархорумд Их Монгол Улсын нийслэлийг байгуулахаа зарласан явдал байлаа. Эзэнт гүрний нийслэл байсан дэлхийн хот Хархорум түүхийн урт хугацаанд ач холбогдлоо алдаж, өдгөө түүхч археологичдын судалгааны объект төдий үлджээ. Энэхүү Их Монгол Улсын нийслэлд дэлхийн зургаан том шашны сүм хийд зэрэгцэн оршиж байсан нь Чингис хааны аливаа шашин, үндэстнийг алагчилдаггүй даяаршлын өрхийг анх татаж байсан нь өөрийн эрхгүй ой тойнд үндэслэнэ.Харамсалтай нь Их Монгол Улсын гол төвд сүндэрлэн байсан даяаршлын өлгий энэ хот Хубилай хаан нийслэлийг Хятадад шилжүүлсний улмаас тэргүүлэх байр суурь, хөгжил нь саарах болж, хожмоо Мин улсын довтолгоонууд хийгээд Монголын бага хаадын тэмцлийн улмаас газрын хөрснөөс арчигдсан юм.Феодалын бутралын үед туурин дээр нь Эрдэнэзуу хийдийг байгуулж байсан нь өвөг дээдсийн минь төрийн уламжлалт бодлого байсныг анхаарууштай. Дэлхийн нийслэл байсан Хархорум ийм л богино настай, даяаршлын өлгий хот байв. 2003 онд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Үүнд улсын нийслэлийг Хархорин руу шилжүүлэх тухай заалт орсон билээ.
Алт, зэс, нүүрс, уран гээд байгалийн шавхагдашгүй баялаг тэдний нүдийг эргэлдүүлэх болов. Дэлхийн соёлт улс гүрнүүдийн хувьд төрийн төв буюу нийслэл хотоо хаана байгуулах, хэрхэн шилжүүлэх нь улс орны онцгой асуудал төдийгүй үндэстнийх нь “Ахиллын өсгий” байдаг. Энгийнээр хэлэхэд нийслэл гэдэг хааны ордон юм. Эртнээс төр улсаа байгуулж ирсэн орнуудын туршлагаас харахад уг ордноо тойруулан төр захиргаа, худалдаа, соёлын барилга байгууламжаа хэрхэн байгуулж ирсэн нь нэг л хэв шинжтэй байх. Хамгийн гол нь өөрийн соёл иргэншил, сүр хүчийг цомхноор илэрхийлсэн, улс орны зангилаа болсон төвлөрөл байдаг. Тийм ч учраас хүчирхэг улс гүрнүүд оюун санааны бахархал, бэлгэдлээ нийслэл хотдоо шингээж өгөхийг нэн тэргүүнээ тавьсан улс төрийн бодлогыг түлхүү баримталдаг юм билээ. Нийслэл хот олон хүнтэй байх албагүй. Хүн амынхаа тоогоор дэлхийд долоодугаарт бичигддэг японуудын аравны нэг хүрэхгүй хувь нь Токиод оршин суудаг. Харин манайд эсрэгээр. Хүн амынхаа тал хувийг агуулсан Улаанбаатарын өнөөгийн бачимдалтыг хэн ч хэлнэ. Улс бүхэн өөрийн нутаг дэвсгэр, хүн амдаа зохицсон статустай байдаг. Тэгэхлээр 350 мянгаас хэтрэхгүй хүн амтай хот байх нь Хархорумын жинхэнэ дүр зураг байгууштай. Яагаад гэвэл Хархорин орчмын газар нутаг нь аялал жуулчлалын том төв болон хөгжих боломж бий учраас хүн амын сэлгэлт, суурьшилт үүнийг дагалдах учиртай.
Дэлхийн улс орнуудын жишгээс харахад шинэ тутам үүссэн орнууд ихэвчлэн нийслэлээ шилжүүлэн байгуулдаг. Тухайлбал, Америк, Канад, Австрали гэх мэтийн орон байна. Сүүлийнхээс Казахстан гээд тоочиж болно. Яагаад Канадууд Торонтогоо, Америкууд Нью-Йоркоо, Австралиуд Сиднейгээ орхив. Өнөөгийн Казахууд яагаад Алма-Атаг орхиж Астанаг нийслэл болгов. Энэ нь ерөнхийдөө бүгд найрамдах засаглалтай улс орнууд өөрсдийгөө цоо шинээр сэргээн мандуулах гэсэн хандлагаас урган гардаг. Харин Европын хуучин хаант засаглалын өв уламжлалтай орнууд омог язгуурын тэмцлийн ялалттай холбоотой үзэл дээрээ түшиглэн нийслэлээ байгуулж байв. Дэлхийд нийслэлээ шилжүүлээгүй нэгээхэн ч орон үгүй. Чингис хаан нийслэлээ Аураг ордоос Хархорум руу шилжүүлэхдээ төр засаг, эдийн засгийн төв байршлыг харгалзсанаас гадна дэд бүтцийг түшсэн хэрэг. Алдарт торгоны замтай нийслэлээ ойртуулах нь Их Монгол Улсын хөгжилд үлэмжхэн үүрэгтэйг бодолцсоных юм. Үүнээс харахад замаа дагаж хот нь бий болдог олон улсын жишгийг манайхан тэртээх XIII зуунд ч олж харсан байгаа юм.АНУ-ын ихэнх хот хоёр эргээрээ голдуу байдаг нь усан замаа бараадсан онцлогтой. Гэхдээ сонгодог өв уламжлалтай орнуудын нийслэлээ шилжүүлэх үйл явц нь үндэсний онцлогоосоо хамаараад ямагт хуучин руугаа тэмүүлэх хандлагад захирагддаг байна.
Тухайлбал, Баруун Европын Парис, Берлин, Ром, Лондоныг солих оролдлого гарч байсан авч өв уламжлалаа, сонгодог хэв маягаа орхихоос угсаатны сэтгэл зүй нь татгалзжээ. Коммунизмын үеийн оросууд Санкт-Петербургээс нийслэлээ Москвад шилжүүлсэн нь дээр өгүүлсэн Европын жишгийг дагаснаас гадна газар зүйн байршлаа харгалзан үзсэнийх билээ. Энэ мэтчилэн янз бүрийн шалтгаанаар Азиас л гэхэд Өмнөд Солонгос гурав, Хятад дөрвөөс таван удаа нийслэлээ сольсоор ирсэн байдаг.
Түүхээс үзэхэд манай орон XVI зуунаас хойш буцаад Хархорум орчимд төвлөрөх боломж байсан авч энэ нь шашны тэмцлийн улмаас бүрэлдсэнгүй. Эрдэнэ зуу анх улааны шашны маягаар байгуулагдсан байдаг. Үүнээс нүүр буруулагсад буюу шарын шашныхан өөрсдийн эрх ашгаа чухалчилсан нь өнөөгийн Улаанбаатарын үүсэл суурь болсон юм. Эдүгээ бидэнд нийслэлээ шилжүүлэх бодит шалтгаан гэвэл тун олон. Наад зах нь утаа, тоосжилтын нөмрөгөө тайлж орхино. Хүн ам нь эрүүл сэтгэхүйтэй болно.Төвлөрлийг сааруулах, хөгжлийн шинэ төв бий болгох гэдэг нэг хэрэг. Хамгийн гол нь өөрийн үндэсний хүчтэй идеалгүй болсон өнөөгийн монголчуудад түүнийгээ эргүүлэн авчрах нэг хэлбэр нь нийслэлээ Хархорумд байгуулах явдал юм. Монгол Улсын төрийн төдийгүй, түүх соёл, шашин, аялал жуулчлалын маш том төв байх бэлгэдэлт дүр зураг ирээдүйн Хархорумаас харагддаг.
Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Анх бүсийн тулгуур төв Хархоринтой нийслэлийг давхцуулахгүй гэж бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасан байгаа. Хархориноос 20-иод км-ийн наана, бүсийн босоо тэнхлэг мянганы зам төмөр замтайгаа холбогдохоор төлөвлөж байлаа. Төмөр зам нь манай орны баруунаас зүүн нутгийг холбохоор төлөвлөж буй шинэ сүлжээ юм. Манайд сүүлийн үед идэвхтэй хөгжиж буй аялал жуулчлалын тэргүүн бүсэд Хархорин орчмын нутаг ордог гэдгийг дээр өгүүлсэн. Энэ салбарын хөгжлийг ирээдүйн нийслэлийн бүтээн байгуулалт, улс орны хөгжлийн хурдтай зайлшгүйгээр уялдуулан “араг яс”-ыг нь зангидах явдал нэн чухал. Хот босгож болно.
Төрийн эрх үүргийг хадгалж, онцгой статустайгаар орших шинэ нийслэлээ байгуулахдаа бид дэлхийн орчин үеийн супер төлөвлөлтийг хайх, тэргүүн ололтыг ашиглахыг урьтал болгох ёстой. Өнөөдөр дэлхийд гайхуулсан, шагшруулсан, алмайруулсан өөрсдийгөө дөвийлгөн товойлгосон үлгэр домгийн гэмээр бүтээн байгуулалтыг улс үндэстнүүд эрхэм болгодгоос ангид байх аргагүй.
Энэ нь тэдний ирээдүйн үнэт өв, мандан бадрахын тооно байх учиртайг тооцоолсон хэрэг. Үнэнийг хэлэхэд бид Улаанбаатар болон Дархан, Эрдэнэтийг эс тооцвол өөр хотгүй. Хот гайхамшигтай байхынхаа хэрээрээ хөгжил дэвшлийг дагуулдаг нь даяаршиж буй энэ ертөнцийн төрх болжээ.
Дахин хэлэхэд шинэ нийслэл маань Монгол үндэстний дахин сэргэлтийн эрч хүчний төв байна, тэнд үүнийг илтгэсэн, харуулсан өнгө төрх бүхий гайхамшигтай бүтээн байгуулалт бий болох учиртай.
Тэгж чадаж гэмээнэ бид дэлхийг соронзон мэт татаж өөрсдийгөө таниулж чадахсан билээ.Шүр сувд шиг үндэстэн гэдгийгээ илтгэн харуулах ганц боломж энэ. Хархорин хийгээд түүний хавь орчим, Орхоны хөндийн түүх соёлын дурсгалт газрууд нь эртний өвөг дээдсийн маань (Хүннү, Нирун, Түрэг, Уйгар, Кидан, Монгол) засаглалын өлгий, түүний ул мөрийг гайхалтайгаар нуун хадгалсан бүс нутаг. Манай эзэнт гүрнээс хойшхи түүхийн олон улбаа энд бий. Энэ бүхнийг гойд уран санаагаар баяжуулан харуулмаар. Гэхдээ уламжлалыг шинээр олж харсан, дэлхийн орчин үеийн хот байгуулалтаас өөрөөр бодож олсон буюу бусдад үлгэр дууриал болохуйц баймаар.
Өөрөөр хэлбэл, шинэ үеийн монгол угсаатны цоо шинэ санаачилга, дэглэлт байх ёстой. Түүх соёлын дурсгалт зүйлс бол аялал жуулчлалын жинхэнэ өгөөш гэдгийг бид мэднэ. Энэ үүднээсээ бараг Таж махал, Хагортын оршуулга, Эйфелийн цамхаг, Кремлийн ханатай нэр цуугаар эн дүйцэхүйц хэмжээний Өгөөдэй хааны Түмэн амгалант ордон, буддын шашны Эрдэнэ зууг шинээр төсөөлөн бодох нь бидний эх оронч үүрэг болж байна. Мөн шинэ нийслэл олон улсын санхүү, бизнес, урлаг соёлын нэг төв байх учиртайг саная. Манай улсын эргэн тойронд Токио, Сөүл, Осака, Хонгконг, Тайпэй зэрэг олон улсын санхүү бизнесийн төв хот байршиж, бүс нутгийн цохилох зүрх болсоор байгаа. Ирээдүйд эдгээр хоттой хэрхэн холбох нь өнөөдрийн хот байгуулалт, түүнд чиглэсэн үзэл баримтлалаас эхлэх билээ. Олон улсын агаарын тээврийн болон техник технологи, соёл иргэншлийн төв болох загварчлал ч гаргаж болно. Биднийг дэлхийд Чингисийн Монгол гэдгээр нь мэддэг юм бол олон жил ярьсаар ирсэн Чингисийн алдарт цогцолборыг тэнд л байгуулъя. Жуулчдыг даллан дуудах том суваг болох нь тодорхой. Түүнчлэн уг цогцолборыг “тойрон” монгол үндэстний эрхэмлэх үнэт өв бүрэлдэн бий болно. Мөн Орхоны ай савд алдарт Хүннү гүрний Луут хот байсныг санацгаая. Бид зөвхөн Чингисийн монголчууд биш, Модуны монголчууд билээ. Аялал жуулчлал гэснээс Улаанбаатарт байхгүй өндөр зэрэглэлийн зочид буудлууд, түүнийг дагасан үйлчилгээ, соёлын цогцолбор ч баригдах нь зүйн хэрэг. Харин илүү дутуу “овоохой” нэмэхийн хэрэггүй. Юуны өмнө “ах” Улаанбаатартайгаа дэд бүтцийн хувьд бүх талаар холбогдсон байх нь чухал хэрэг болж байна. Агаарын нислэг, хурдны зам, цахилгаан галт тэрэг гэх мэт. Иймээс Хархорум орчмын одоогийн тэлэлтийг зөв зохицуулах хэрэгтэй.
Төрийн зүгээс онцгой бүс гэж үзээд тэр хавийн газрын зөвшөөрлийн асуудлыг төр “эзэгнэх” шаардлага урган гарч байна. Элдэв жуулчны баазууд, уугуул иргэд олшрохыг хориглох гэх мэтээр төрийн зүгээс шийдвэрлэх чимхлүүр ажил их бий. XXI зууны Монголын хөгжлийн эхний том төлөвлөлт болсон шинэ нийслэлийг байгуулах явдал дан ганц бидний хүчин чармайлт, эх оронч зүтгэлээр бүтчихгүй л дээ. Олон улсын санаачилга, хамтын оролцоог бодолцож таарна. Ирээдүйд тэнд байрлах гадаадын Элчин сайдын яамдын барилга байгууламжийг барихдаа одооноос тендер зарламаар байна. Шинэ нийслэлийн хот төлөвлөлт нь Монгол Улсын хөгжилтэй холбогдсон байх учир гадаадын бүх хөрөнгө оруулалт үүнд захирагдах нь зүйн хэрэг болох юм. Чингис хаан зарлиг болсон тэрхүү 1220 оны давхцал 2020 он хүртэл гол барилга ордонгуудаа төлөвлөж амжъя. Монголын төв хэсэгт орших Орхоны хөндийд дэлхийн соёл иргэншлийн өлгий байсан нь дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татдаг. Энэ үүднээсээ тус бүс нутгийг дэлхийн өвд бүртгэн авсан нь шинэ нийслэлийн ирээдүйд тун таатай нөлөө үзүүлэх юм. Дээр өгүүлснийг хураангуйлбаас Хархориныг Монголын шинэ нийслэл болгон гайхамшигтайгаар цогцлоон бүтээх нь гагцхүү манай улсын төдийгүй олон улсын асуудал болж хувирна.
Улсын нийслэл заавал олон хүн амтай байх албагүйг дээр өгүүлсэн. Америкууд 10 сая хүн амтай, үйлдвэр, худалдаа, бизнесийн нүсэр төв Нью-Йоркт бус 400-гаад мянган хүн амтай Вашингтонд нийслэллэсэн нь цомхон, цэвэрхэн, таатай орчинд байх гэсэн нэг эрмэлзэл байдаг. Турк улс долоон сая хүнтэй боомт хот Станбулд бус 400 мянган хүнтай Анкарад, Пакистан зургаан сая хүнтэй Карачид бус 400 мянган хүнтэй Исламабадад, Швейцарь 200 мянган хүнтэй Бернд нийслэлэх болсон. Тэгвэл бид 50-200 мянган хүнтэйгээр шинэ нийслэлдээ төвлөрч болох нь ээ.
Берлин хот 1871-1945 оны хооронд 74 жил улсын нийслэл байв. Дэлхийн улс төрийн бодлого, нөлөөлөх хүчин зүйлсийн улмаас өрнөдийнхөн 1949 онд эзэмшлийнхээ гурван бүсийг нэгтгэж ХБНГУ-ыг байгуулсан юм. Үүний улмаас нийслэл хоттой байх шаардлага гарч ирэв. Жижиг хот Бонн нийслэл болсон түүх энэ. Бонн хот ийнхүү 40 гаруй жил улс төрийн шимээр ундаалж амьдарсан азтай хот болсон юм Бонн одоогийн байдлаар 300 мянган хүн амтай. 1991 онд улс төрийн өөрчлөлтөөс хамаарч уг хот ирээдүйн хөгжлийнхөө стратегийг шинээр эргэн харах болов. Нийслэлийг Берлинд шилжүүлэхэд уг хот 20 мянган ажлын байраа алдсан зэрэг олон хохирол амссан нь бий. Бид Улаанбаатарт бий болох янз бүрийн эрсдэлийг урьдчилан харахгүй бол горьгүй. Эл “хохирол”-ыг нөхөхийн тулд пүүс, компани, шинжлэх ухааны байгууллагуудаас одоо ч Бонн хот руу шилжүүлж байгаа юм билээ. Нийслэлийн статусыг хүлээлгэн өгөх, авах, харилцан хүндэтгэлийн асуудалтай холбогдуулан холбогдуулан хамтран ажиллах, харилцан туслах үүрэг хүлээсэн гэрээг Берлин Бонн хотууд 1994 онд байгуулж байв.
Энэ туршлагыг Их Улаанбаатар дүү Хархорумтой байгуулж л таарах байх. Энэ нь манай улсын эдийн засгийн байдал тогтвортой байх нэг нөхцөл болох нь дамжиггүй. Германууд нийслэлээ шилжүүлсэн нь нэгдсэн Герман улс бол хүчирхэг гүрэн хэвээр юм гэдгээ дэлхийд илтгэн харуулж, өөрийн өнгө төрх, имижийг шинээр бүрдүүлсэн хэрэг байв. Илүү хөгжилтэй өрнөдийн бүс дорнодын бүсээ тэтгэх стартегийн бодлого ч явагдсан нь бий. Манайд төвлөрлийг сааруулах төдийгүй хөгжлийн шинэ голомт бий болгох гэж буйгаараа дээрхтэй агаар нэг болно.
Казахууд нийслэлээ Алма-Атагаас Астанад 1997 оны намар шилжүүлсэн. Нийслэлээ богино хугацаанд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, олон улсын тендер зарласан нь үр дүнд хүрсээр буй. Нийслэлээ шилжүүлэх болсноо тэд улсынхаа төвд байршуулж, мөн газар хөдлөлтийн болон үерийн бүсээс зайлуулсан гэж тайлбарладаг ч судлаачид үүний шалтгаан нь ОХУ-ын дотоод улс төрийн байдал тогтворгүй, үндсэрхэг үзэл газар авч байгаатай холбон тайлбарладаг. Одоо болтол Астанаг шинэ нийслэлийн зориулалтаар төвхнүүлэхэд жил бүр олон зуун сая ам.доллар зарцуулж байгаа гэсэн. Турк, Персийн булангийн баян орнуудын дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгч, Парламентын ордон, ГХЯ-ны байр, “Анкара” зочид буудлыг барьсан гэдэг.Бид ч гэсэн олон улсын тендер зарлаж, ийм туршлагаар алхахаас өөр замгүй.
Австралийн нийслэл Канберра бол Сиднейгээс 300 км-т орших орчин үеийн бэсрэг хот. Тэд Канберра хотыг анх төлөвлөж эхлэхдээ бусад орны нийслэлтэй эн зэрэгцүүлэх, австралиудын бахархал болон эв нэгдлийг илэрхийлсэн сайхан хот болгон байгуулахаар эрмэлзсэн, энэ ч зорилгодоо хүрсэн. Манайд жинхэнэ үлгэр авууштай туршлага. Нэгэн үе Улаанбаатар хот буурал Европыг санагдуулдаг байв. Харин Хархорумд бид монгол үндэстний онцлог, дэлхийн бүтээн байгуулалтын гайхамшгийг хослуулсан супер хотыг цогцлоох ёстой.
Нөгөө талаар, бид үндэсний идеалиа хүчтэй болгож, цоо шинээр энэ зуунд сэргэн мандахын бэлгэдэл Хархорумаас сацарч байх учиртай. Барууны хийгээд Хятад, Солонгос, Японы соёлын түрэлтээс ангид, монгол үндэсний дархлаа болсон газар бол чухамхүү Хархорум байх юм. Эндээс бид даяаршлын давалгаан дунд тэнцвэртэй хөвж явах үндэсний эрх ашгийг цухалзуулж чадахсан билээ. Улсын нийслэлийн загвар шалгаруулах тендерийг австралиуд 137 төслөөс шилж архитектор Гриффиний загварыг сонгосон байдаг. Австралийн гадаад харилцаа өргөжихийн хэрээр бусад улсын ЭСЯ-д шинээр нэмэгдсээр байжээ.
Энэ нь манай орны одоогийн нөхцөл байдалтай ижил байгаа юм. ЭСЯ-ны ихэнх байр нь тухайн орны архитектурын онцлогийг харуулсан байгууламжууд байв.
Бид Хархорумд гадаадын ЭСЯ-ны барилгыг байгуулахдаа тендер зарлаж, шинэ хотын өнгө жавхааг дэлхийн супер ололтуудаар баяжуулахаа мартаж болохгүй Бразилууд гурван Үндсэн хуулийн (1891, 1934, 1946) нүүр үзсэн бөгөөд Үндсэн хууль боловсруулах бүрдээ шинэ нийслэлийн асуудлыг байнга хэлэлцдэг байж. Энэ бүхэн санхүүгийн асуудлын улмаас хойшилсоор 1958 онд анхны гудамжаа байгуулж эхэлжээ.Энэ нь шинэ нийслэл байгуулахад ихээхэн нухацтай ханддагийн жишээ юм. Мөн 1810 онд шинэ хотын асуудлыг хэлэлцэхэд Португалийн хааны зөвлөх Оливериа “Нийслэл хот бол эрүүл саруул, аз жаргалтай, энгийн даруу, олон хүний дуу шуугиан, нийгмийн элдэв хорт зуршлаас ангид байх ёстой” гэж онцолсон нь сонирхолтой. Бразилиа, Канберра, Вашингтон хотын үндсэн суугчдын дөрөвний гуравт нь Засгийн газраас ажил олгож, анхны оршин суугчдад ажил, үйлчилгээний давуу эрх олгох арга хэмжээг авч байсныг бид бодох ёстой.
Түүнчлэн нийслэл хотыг байгуулах төслүүд нь имиж, сонголт, дизайнаар өвөрмөц байдаг байна. ХБНГУ, Казах, Австрали, Нигери, Япон улс нийслэлээ шилжүүлэхдээ маш шийдэмгий алхам хийж, нэгдсэн зохион байгуулалттай ажиллаж байв. Тиймээс бид ямар ч эрсдлээс эмээлгүй зүтгэх хэрэгтэй байна. Нөгөө талаар үндэсний ухамсрын шинэ үзэл санааг хөтчөө болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, сонирхлыг нь төрүүлэх, шинэ бүтээн байгуулалтаар улс орныхоо хөгжлийн амь цогийг нэмэх нь нийслэлээ шилжүүлж байсан орон бүрийн нийтлэг тал байсныг мартаж болохгүй. Улсын нийслэлийг Хархорумд шилжүүлж, сэргээн босговол Монгол цоо шинээр хөгжинө, мандана. Даяаршилд, ижилсэлд уусч алга болохын аюулыг гэтлэх цорын ганц боломж, үндэсний дархлаа ч байж магадгүй. Үүнээс ухрах эрх бидэнд байхгүй.
Энэ цэнхэр бөмбөрцөгт Монгол Улс маань үүрд гэрэлтсээр байх болтугай.
Сэтгэгдэл (14)