
“Чингис хаан” Дэлхийн цом энэ сарын 8-9-нд Улаанбаатар хотноо Спортын
төв ордонд болж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор дөрөв
дэх жилдээ болсон тус тэмцээнд таван тивийн 13 орны эрэгтэй 70, эмэгтэй
57 бөх зодоглосон юм.

“Чингис хаан” Дэлхийн цом энэ сарын 8-9-нд Улаанбаатар хотноо Спортын төв ордонд болж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор дөрөв дэх жилдээ болсон тус тэмцээнд таван тивийн 13 орны эрэгтэй 70, эмэгтэй 57 бөх зодоглосон юм. Зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас жин тус бүрт дөрвөн бөх, нийт 56 жүдоч хүч сорьсон. Гадны багуудаас БНСУ эрэгтэй найм, эмэгтэй 12 жүдочноо илгээжээ. “Чингис хаан 2012”-ын шагналын сан нь нийт 50 мянган ам доллар байсан бөгөөд жин тус бүрийн аваргууд эзэн богдын алтадсан цомоос гадна 1000, мөнгө, хүрэл медалийн эзэд 500, 250 ам.долларын шагнал хүртжээ.
Түүнчлэн шилдгийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчинд “Ippon Trophy” цом, багийн дүнгээр эхний гуравт орсон улсуудын холбоодод 2000, 1000, 500 “ногоон”-ы шагнал олгосон байна.
Ийнхүү 7 алт, 3 мөнгө, 6 хүрэл медальтай БНСУ багийн дүнгээр хоёр дахь жилдээ дараалан тэргүүлж, 4 алт, 8 мөнгө, 14 хүрэлтэй Монгол удаалан, 2 алт, 2 мөнгө, 1 хүрэлтэй Япон гуравдугаар байранд орлоо. Сонирхуулахад өнгөрсөн жилийн “Чингис хаан 2011”-д мөн л манайхан медалийн тоогоор илүүрхэж, чанараар солонгосчууд илүүрхсэн билээ.
Ц.Болор