Өнгөрсөн сарын 27-нд БНСУ-ын цагаачлалын албаны байранд Монгол улсын иргэн Увс аймгийн Наранбулаг сумын харъяат Халзан овогтой Амарбаясгалан амиа алдсан талаар манай сайт мэдээлсэн. Харин түүний нас барсан шалтгааныг тодруулахаар тус дүүргийн цагдаагийн газар ажиллаж эхэлсэн байна. Одоогоор задлан шинжилгээний хариу гартал түүний нас барсан шалтгааныг мэдэх боломжгүй юм байна. Тэрээр өнгөрсөн наймдугаар сарын 24-нд Солонгос улсын цагаачлалын албаны шалгалтанд гурван монгол залуугийн хамт баригдаж, гурав хоногийн дараа уусан архиндаа хордон амиа алдсан хэмээн мэдэгдсэн юм. Гэвч ар гэрийнхэн нь анх баригдахдаа эрүүл саруул, архи уугаагүй байсан бөгөөд гуравхан хоногийн дараа шоронгийн өрөөнд уусан архиндаа хордож нас барсан гэсэн оноштойгоор амиа алдсанд итгэхгүй байгаа юм. Харин түүнийг амь насаа алдах хэмжээнд хүргэхээр зодож байсан шарх сорви бий эсэхийг нягтлан шалгуулахыг хүссэн билээ.
Үнэхээр архи ууж амиа алдсан эсэх нь хоёр сарын дараа шинжилгээний хариунаас тодорхой болох юм. Гэсэн хэдий ч түүнд зохих ёсны эмнэлгийн тусламжийг хоригдох газрын ажилтнууд авч хэрэгжүүлээгүй гэж талийгаачийн талын Солонгос өмгөөлөгч үзэж байгаа юм байна.
Б.Чимэг



















































