
Нобелийн шагналт Тайваний нэрт эрдэмтэн Профессор, доктор Юан Т.Ли өнөөдөр Монголд ирэх гэж байна. МУИС, БСШУЯ, "РиоТинто" компаниатай хамтран зохион байгуулж Нобелийн шагналт эрдэмтдийн цуврал лекцийн хүрээнд урьжээ. Тэрбээр 09 сарын 13-нд буюу маргааш 10:00 цагаас МУИС-ийн Эрдмийн танхимд Химийн урвал ба фотохимийн процессийн динамик” сэдэвт лекцийг унших юм. Мөн 15-ний өдрийн 11:00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрт “Хүний нийгмийн тогтвортой байдал” сэдэвт лекцийг олон нийтэд зориулан уншина.
Тэрбээр 1936 оны 11 дүгээр сарын 19-нд Тайванд төрсөн. 1967 онд Харвардын Их Сургуульд доктор Дудлей Хершбахтай хамтран устөрөгчийн атом ба диатомт шүлтийн молекултай харилцан үйлчлэх урвалыг судлан, молекулын солбицсон цацрагийн төхөөрөмжөө бүтээж эхэлжээ. Улмаар 1986 онд “Химийн элементар дроцессийн динамикт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн түүний нөхдийн хамт Нобелийн шагналаар шагнажээ. Тэрээр Тайваний анхны Нобелийн шагналт эрдэмтэн юм.