
Тэрээр өнгөрсөн наймдугаар сарын 24-нд Солонгос улсын цагаачлалын албаны шалгалтанд гурван монгол залуугийн хамт баригдаж, гурав хоногийн дараа уусан архиндаа хордон амиа алдсан хэмээн мэдэгдсэн юм. Гэвч ар гэрийнхэн нь анх баригдахдаа эрүүл саруул, архи уугаагүй байсан бөгөөд гуравхан хоногийн дараа шоронгийн өрөөнд уусан архиндаа хордож нас барсан гэсэн оноштойгоор амиа алдсанд итгэхгүй байгаа билээ. Харин түүнийг амь насаа алдах хэмжээнд хүргэхээр зодож байсан шарх сорви бий эсэхийг нягтлан шалгуулахыг хүссэн.
Тиймээс уг асуудлаар БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хандсан юм. Тэд УИХ-ын гишүүн, өмгөөлөгч О.Баасанхүүг өмгөөлөгч олж өгөхөд туслалцаа үзүүлээч хэмээн хүссэн. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү 16.00 цагаас манай улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамныхантай уулзахаар болсон байна. О.Баасанхүү нь хоёр жилийн өмнө буюу өмгөөлөгч байхдаа Н.Ганцэцэг хэмээх монгол эмэгтэй БНСУ-ын иргэний гарт /нөхрийнхөө/ гарт зэрлэгээр амиа алдсан хэрэгт хуульзүйн туслалцаа үзүүлж байсан билээ.
Б.Чимэг