Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбат УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг ажлаа хий. Албан томилолт нэрээр БНСУ-д бүгэх шаардлагагүй хэмээн цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ. Тэрбээр, "Монгол Улс тэр дундаа Сэлэнгэ аймагт маань коронавирусний голомтолсон халдвар тархаад нэг сар хагасын нүүр үзлээ. Өнгөрсөн хугацаанд сэлэнгэчүүд бүхий л боломжит хувилбараар бүсээ чангалж, УОК болон АОК-ын шийдвэрийг ёсчлон биелүүлэхийг хичээж ирлээ. Гэвч цар тахлын хүнд хэцүү энэ цагт үндсэн ажлаа орхин Солонгост албан томилолт нэрийдлээр өвөлжиж байгаа Д.Өнөрболор гишүүний үйлдлийг эсэргүүцэж байна.
Улсын Их Хурлын үндсэн зорилт нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах буюу хууль тогтоох юм. УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын нийгэм эдийн засагт чухал ач холбогдолтой 2021 оны улсын төсөв, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгал болон Татварын алданги шимтгэлээс чөлөөлөх зэрэг чухал хуулиудыг баталж байна. Гэвч Сэлэнгэ аймгаа төлөөлөн хууль батлалцах эрхэм гишүүн маань Солонгост байгаад харамсч, мөн эсэргүүцэж байна”. Мөн эх орондоо ирж , үндсэн ажлаа хийхийг шаардаж байна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан ханджээ.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “БНСУ-ын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалтад" оролцохоор явсан ба утааны улирал эхлэнгүүт бусад орон руу дүрвэчихдэг тэрбээр энэ удаад ч зангаа тавьсангүй гэдгийг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбат мөн хэлж байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (11)