Өнгөрсөн оны сүүлийн өдөр УИХ олон хууль баталсны нэг нь Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай Ж.Сүхбаатар нарын гишүүдийн өргөн барьсан төсөл байлаа. Авлигын эсрэг хуульд ингэж өөрчлөлт оруулснаар гарч байгаа хамгийн том өөрчлөлт нь Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын саналаар УИХ нээлттэй сонсгол хийж томилдог, тэр томилогдсон дарга нь дэд даргаа өөрөө санал болгож УИХ-аар томилуулдаг болж байгаа нь юм.
АТГ-ыг байгуулснаас хойшхи энэ хугацаанд дарга болон дэд даргыг нь Ерөнхийлөгчийн саналаар УИХ томилдог байсныг Үндсэн хуулиар олгогдоогүй эрхийг төрийн тэргүүн эдлэж байгаа хэмээсэн үндэслэлээр ийн өөрчилсөн юм.
Нэг ёсондоо Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтөөр АТГ-ын дарга нарын томилгоонд оролцдог Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлаж байгаа билээ. Ингэж эрхээ хязгаарлуулсан Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтөд хориг тавих уу? Баталсан хуульд Ерөнхийлөгч хориг тавих хуулийн хугацаа нь ажлын таван өдрөөр дуусгавар болно. Энэ цаг өчигдрөөс тоологдож эхлэсэн.
Дашрамд дурдахад одоогийн АТГ-ын даргыг 2019 оны тавдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосны дагуу УИХ томилсон бөгөөд АТГ-ын даргыг хуульд заасны дагуу зургаан жилийн хугацаатай томилдог.
С.Сүлд