УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор өнөөдөр хэлэлцлээ. Хэлэлцүүлгээр гишүүд үг хэлж, шүүмжлэл өрнүүлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Сүүлийн үед нийгэмд энэ хуулийг нэг хэсэг нь дэмжээд, нөгөө хэсэг нь эсэргүүцээд байгаа. Тиймээс энэхүү хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг 7-10 хоногоор хойшлуулж, тэр хугацаанд Морин спорт уяачдын холбооныхон нэгдсэн ойлголцолд хүрэх хэрэгтэй байна. Хурдан морины салбар комиссоос саналыг нь авах хэрэгтэй. Ойлголтыг нэгтгэж хэлэлцэхгүй бол УИХ аль нэг талд нь шийдээд нийгэмд хэрүүл тарьчихаж болмооргүй байна” гэв. Харин төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хувьд “Хуулийг батлах зайлшгүй шаардлага бий. Монголчууд баяр наадмаа хийж чадахаа байсан. Бөхийн, морины уралдааны хэрүүл тасардаггүй. 2020 онд бүртгүүлсэн морьдын 60 хувийг хассан. Үүний цаана бөөн будлиан, авлига. Тиймээс хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах шаардлагагүй гэж үзэж байна гэлээ. Мөн энэ үеэр Үндэсний баяр наадам сүүл рүүгээ авлига руу орсон. Уралдаан болгоны ард хэрэлддэг болж, өнгөрсөн жилийн баяр наадмын дараа баяр наадмын комиссын дарга морь оруулах гээд авлига авч байгаад газар дээрээ баригдсан зэрэг олон асуудлыг хөндөж байв. Ийнхүү эцэст нь хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах Д.Тогтохсүрэн гишүүний гаргасан горимын саналыг хүлээн авлаа.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)