УИХ-ын өнөөдрийн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг сонсож байна. УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргаанийг Цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэжээ.
УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх журам нь Үндсэн хуулийн 10.3, 14.2, 16.14, 47.1, 2, 49.1, 2, 50.2 хэсгийг холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Харин Үндсэн хуулийн 1.2 дахь хэсэг “Шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь хүний үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 12.2 “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, 14.1 “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна”, 19.1 “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, 70.1 “Үндсэн хууль, хуульд бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг тус тус зөрчсөн гэж Цэц үзжээ.
Иймд УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дэх хэсэгт үндэслэн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүллээ.
УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж, Цэцэд хариу ирүүлэх талаар танилцууллаа.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)