Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны өнөөдрийн шүүх хуралдаанаар Н.Номтойбаяр нарын есөн хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор Н.Номтойбаярын ээж Д. Хулан нийтэд хандсаныг бүрэн эхээр нь хүргэе.
“Бид тендер, улсын өмчийг хувьчилж аваагүй, лиценз харийнханд худалдаагүй, оффшор бүсэд мөнгө хадгалаагүй. Хадгаламж гэдэг үгийг мартаж, эрсдэлээ үүрэн Монгол Улсаа хөгжүүлэх үйлдвэрүүд байгуулахын төлөө зээл аван, 30 мянган хүнийг цалинжуулж, 1,3 их наяд төгрөгийн татвар хураамж төлж, явсан газартаа сургууль, цэцэрлэг барьж, амьдрал цэцэглүүлэхэд 30 жилээ зарцуулсан.
Миний хүү 2012 онд УИХ-ын гишүүн болсон өдрөөсөө л эхлэн шударга ёс, Монголын хөгжлийн төлөө тэмцэж ирсэн. Сайд байхдаа хийсэн ажлынх нь зах зухаас дурдахад, “Ахмадын хишиг”, “Цалинтай ээж”, хүүхэд, настайчууддаа эмийн хөнгөлөлт гээд хэдэн хуудас болдог. Тэгээд яагаад биднийг, бидний үр хүүхдийг гутаан доромжлоод, хонгилоор чирээд, хүүг минь яллаад байгаа юм бэ. Ердөө л хийсэн бүтээснээрээ ялгарч, хэнээс ч эмээлгүй, хэнд ч авталгүй хуулиа сахихыг ам бардам шаардаж чаддаг болохоор, хамтарч хулгай хийдэггүй олигархи, авлигачдын эсрэг дуугардаг болохоор яллаж байгаа юм уу.
Миний хүү өөрийгөө юунд буруутгаад байгааг мэдэх гэж мөрдөгчөөс тодруулсныг нь “дарамталсан” болгож, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг зөрчин хорьсон. Яллах дүгнэлт ч өгөөгүй, анхан шатны шүүхийн хуралдаанд шууд оруулсан. Дуудахыг хүссэн нэг ч гэрчийг оруулаагүй, нотлох баримт байхгүй байхад өмгөөлөгчгүйгээр хаалттай шүүх хурал болсон. Албан тушаалаа урвуулан ашигласан хэмээх хэрэг нь хохиролгүй, хохирогчгүй, ажлын байр нэмсэн, төлдөггүй зээлийг төлдөг болгосон. Хийгээгүй хэргийнх нь төлөө арай ч 5,5 жилийн ял өгнө гэж бодоогүй биз ээ. Энэ нь Ерөнхий сайдыг өшөө авагч, хонзогногч дүрээр мөнхлөхийг хүссэн Ерөнхийлөгчийн хийж байгаа ажил гэж ойлгож байна.
Хүүгээ үнэхээр ганц ширхэг хадаас хулгайлсан бол бид ганц ч хуруугаа хөдөлгөхгүй. Зүрхээ шимшрүүлээд, элгээ хатаагаад суухгүй. Миний хүү хэвлэл мэдээллийнхэн та нарын ажлыг хүндэтгэн дэмжиж, үргэлж нээлттэй байж ирсэн. Шүүх засаглалыг шударга байна гэж итгэн УИХ-ын гишүүнээс татгалзаж, шалгуулсан. Одоо та бүхнээс шүүх хурлыг нээлттэй хийхийг, дуу хоолойгоо өргөхийг хүсье” гэжээ.
Сэтгэгдэл (94)