Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийж байгаа. НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар “Улаанбаатарт анхны тохиолдол бүртгэгдээд хоёр сар болж байна. Нэг тохиолдлоос Улаанбаатар хотод халдвар тархахад ямар хурдтай, ямар эрчимтэй тархахыг нөхцөл байдалтайгаа уялдуулан судалгаа хийсэн. Нэг халдварын намжих хугацаа нь 16 долоо хоног буюу дөрвөн сар байна. Үүний 8-9 дэх долоо хоногт тархалт өндөр байна. Хөл хорио тогтоогоогүй бол халдвар илэрснээс 8-9 дэх долоо хоногийн дараа 12 мянган халдвар оношлогдож, нэг өдөрт 500 гаруй тохиолдол илрэх тооцоо гарсан. Манай иргэд хөл хорио тогтоох үед иргэд маш хариуцлагатай хандсан. Иргэд амны хаалтаа тайлахгүй, зай барьж дадсан байна. Төр болон иргэдийн оролцоотойгоор халдварыг тодорхой түвшинд барьж байна.
Нэгдүгээр сарын 11-нээс зарим байгууллагын үйл ажиллагаа сэргэж байгаатай холбоотойгоор шинжилгээ хийх ачаалал ихэснэ. Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ-д молекул биологийн шинжилгээг хийж байна. Хөл хорионы үеэр иргэд гэртээ байж, ажил, амьдралаа зохицуулж байсан. Тиймээс ажил эхлэхэд бүгд шинжилгээ хийлгэсэн байх шаардлагагүй. Хамгийн чухал нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлах юм. Иймээс хамт сууж хоол идэх зэрэгтээ анхаарах хэрэгтэй. Зай барих нь маш чухал.
Харин өглөө ажилдаа ирэхэд нь халууныг нь үзэж, халдварын голомттой хэсгээр явсан эсэхийг тодруулах шаардлагатай.
Хөдөө орон нутагт зорчиж буй иргэд заавал шинжилгээ өгсөн байх хэрэгтэй. Тиймээс үүнд зайлшгүй хяналт тавих нь зүйтэй. Хөдөө орон нутаг руу бүх иргэд зорчихгүй. Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх шаардлагатай иргэд зорчиж болно” гэв.
Б.Бат