УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 200 мянган ажлын байрыг хадгалж үлдэх боломж бидэнд байна.
Тухайлбал, үүнд гурван их наяд төгрөгийн эх үүсвэрийг зарцуулах боломжтой. Монголбанкинд 7,6 их наяд төгрөг байна. Банкууд нь мөнгө гаргадаггүй. Гаргавал дампуурна гэсэн айдастай. Ийм үед Засгийн газар идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Төв банкны үнэт цаасны хүү буюу бодлогын хүү таван хувьтай байгаа.
Энэ таван хувь дээр Засгийн газрын үнэт цаас гаргах боломжтой. Зээлийн хүүг хүчээр тогтоох биш зах зээлийнх нь зарчмаар банкинд байгаа эх үүсвэрүүдийг бизнес рүү шахах ажлыг хийх хэрэгтэй байна. Хийхдээ бондоо гаргана, арилжина. Хүү нэмэхгүйгээр таван хувийн хүүтэйгээр дор хаяж гурван жилийн хугацаатайгаар зөвхөн хүү төлдөг нөхцөлтэйгөөр яаралтай гаргах хэрэгтэй юм.
Мөн 200-гаас дээш ажилтантай, ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудаа хэрхэн дэмжих вэ. Тэгвэл зээлийн эрсдэлийн барьцаа хөрөнгийн 50 хувийг төрөөс даачих. 100-200 тэрбумаар мөнгөжүүлсэн тохиолдолд дахиад 3 их наяд төгрөгт баталгаа гаргах боломж байна. Ийм байдлаар нийтдээ 400 мянган ажлын байрыг Ковидын үеэр хамгаалж үлдэх боломж бий. Би энэ асуудлаар Засгийн газарт хоёр ч удаа асуулга тавилаа, хариу өгөөгүй. Тиймээс тогтоолын төслийг УИХ-ын даргад, мөн зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлж байна” гэв.
У.Тэргэл