УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 17.00 цагт 52,7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж, гишүүдийн асуулт, хариултыг сонсч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Олон хүн санаа зовж, зовниж байгаа. Ковидтой дайтаж, тэмцэж байгаа энэ үед харамсалтай нь бид өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрчихлээ. Хариуцлага итгэл гэж нэлээн ярьж байна. Нэг хэсэг нь хариуцлагаас зугтлаа гэж, нөгөө хэсэг нь харин ч хариуцлагаа үүрлээ гэж байна. Сонгогчдын өмнө нэг асуудал байна. Ерөнхий сайд огцорчихвол бодлого явахгүй болчихвий гэж. Ерөнхий сайд өөрийнх нь хэлснээр хэцүү үед зүтгэж байсан хоёр сайдаа огцруулчихаад ёс суртахууны хувьд би ч хамт хүлээе гэж байгаа нь сайн жишиг. Ёс суртахууны улс төрийн том хариуцлага үүрч байна. Төрийн тэргүүн энэ хараад сууж байна. Төрийн тэргүүний хариуцлага гэж байх ёстой. Жагсаал цуглаан, олон нийтийн эсэргүүцэл зүй ёсных. Үүнд дөрөөлж улс төрийн ашиг хонжоо олж болохгүй. Өнөөдөр эх оронч үзэлтэй хүн үү гэдэг нь харагдана. Том дуугарсандаа биш үйлдлээрээ харуулах ёстой. Үйлдлээрээ харуулсныг нь үнэлнэ. Бид ухарч байгаа юм биш. Бидний зөв бодлого хэрэгжиж байгаа. Гэхдээ хүнлэг ёс хамгийн чухал зүйл. Хууль зүйн хувьд хариуцлагыг бид хүлээлгэж байгаа биш өөрөө хүлээж байгаа юм. МАН-ын цул хүч үүнд алдагдахгүй” гэлээ.
У.Тэргэл