Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр хүргүүлсэн.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын намаас Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д оруулж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүссэн юм.
Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хороогоор Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж, уг асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж асуулт асуусны дараа санал хураахад ТББ-ны 16 гишүүний 13 нь дэмжлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганболд, Б.Пүрэвдорж, У.Хүрэлсүх нар татгалзсан кноп дарлаа. У.Хүрэлсүх кноп андуурсан тул дэмжсэн саналд оруулж өгөхийг хүсэн улмаар 16 гишүүний 14 нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжив.