УИХ-ын өнөөдрийн чуулганаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Хуульд хэд хэдэн заалт оруулахгүй бол болохгүй нь. Жишээлбэл, Газрын тос боловсруулах төрийн өмчит компани нь нийслэлд байрлана. Харин салбар нь Дорноговьт байна гэдэг юм уу хуульд хийж өгөхгүй бол чөлөөт бүс шиг юм боллоо.
Чөлөөт бүс нь Замын-Үүдэд байдаг. Удирдлага нь Улаанбаатарт байдаг. Газар дээр нь ажиллаж байгаа нэг ч хүн байхгүй.
Хоёрдугаарт, цахилгааны асуудлыг хуульд тусгаж өгөхгүй бол өнгөрсөн жил барьсан дэд станц одоог хүртэл холбогдоогүй. Эзэн байхгүй. Учир нь Газрын тосны төрийн өмчит компани нь банкны зээлд тавьсан гэдэг. Гэтэл Эрчим хүчний дамжуулах станц нь өрөнд байгаа зүйлийг бид яаж ажиллуулах юм гэдэг. Төрийн хоёр компани бие бие рүүгээ чихээд Энэтхэгүүд ажилгүй байгаа. Тиймээс хуульд тусгаж өгөх нь зүйтэй.
Гуравдугаарт, ажиллах хүчний асуудал байна. Одооноос хүмүүсээ бэлтгээд сургаад ажилд оруулах, бэлтгэх зэргээ хийхгүй бол болохгүй. Сайхан зүйл л яриад байдаг. Амьдрал дээр өөр шүү.
Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн төрийн өмчит компани Хөгжлийн банкнаас зээлтэй юм билээ. Хөгжлийн банк өндөр хүүгээр зээл өгсөн байгаа юм. Төрийнхөө компанид өндөр хүүтэй зээл өгдөг, хувийн компаниудад бага хүүтэй өгдөг. Энэ мэт зүйлээ хуульдаа өг" гэлээ.
А.Сүх