УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат сав л хийвэл тав хоногийн завсарлага авъя. Дэгийн тухай хуулийн дагуу бидэнд ийм эрх нь байгаа хэмээн омогдож суух боллоо. УИХ-аар хэлэлцэж буй хууль, хуулийн төслийг хэлэлцэх бүрд энэ нь зуршил болсон. Хууль тогтоомжийг чанаржуулах, сайжруулахад АН-ын бүлэг зөвшилцөхөд хоног, хугацаа шаардлагатай гэж ойлгоё. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед мөн л энэ жишгээ давтав. Тэрбээр “АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах саналтай байна. Бидэнд Ерөнхий сайдад захих захиас байна” гэв. Тавын тав хоног шинэ Ерөнхий сайдад юу захихаа хоорондоо хэлэлцэж, ярих юм гэнэ.
Хэн нэг нь түүнд сөрөг хүчний үүрэг бол, нөгөө намынхаа бүхий л зүйлийг харлуулах, доош хийх, үг сөрөх юм. Ингэж байж нийгэмд таалагдана гээд шивнэчихсэн бололтой. Тиймдээ ч АН-ын бүлгийн дарга Д.Ганбат чуулганы танхимыг шоуны талбар болгон нийтэд таалагдах гэж “алиалж” сууна.
Асуудлыг мэдэрч ойлгодоггүй түүний хувьд цар тахлын энэ хүнд цагт Монгол Улс Засгийн газаргүй, харъяа яамд “толгой”-гүй байгаа нь, өвөлжилт хүндэрч, коронавирусний халдвар хөдөө орон нутаг руу тарах эрсдэл өндөр байгаа нь огтхон ч хамааралгүй. Ийм бүлгийн даргатай юм, АН өөрсдийгөө сөрөг хүчин гэж нэрлэхэд ч хэцүү юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)