Шадар сайд С.Амарсайхан ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон Эрүүл мэндийн сайд Л.Энхболд нарыг хүлээн авч уулзжээ.
Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлын үеийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр уулзалтын эхэнд талууд харилцан ярилцаж санал солилцов.
Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор хүн амыг дархлаажуулахад шаардагдах ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцины талаар судалгаа мэдээллийг ДЭМБ-ын суурин төлөөлөгч өглөө. Шадар сайдын зүгээс ДЭМБ-аас баталгаажуулсан вакцин оруулж ирэх ажлын хүрээнд дэлхийн бусад орнуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон энэ талаарх бусад мэдээллийг сонсов.
Цаашид УОК болон ЭМЯ шуурхай штабуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, вакцинжуулах урьдчилсан бэлтгэл ажлыг богино хугацаанд хангаж мэргэжлийн байгууллагуудыг ажилтан албан хаагчдын нарийвчилсан сургалтад хамруулах, иргэд олон нийтэд ил тод мэдээллийг нээлттэй өгөх талаар ярилцав.
Эх сурвалж: Засгийн газрын ХМОНХХ