Нийслэлийн онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Сар шинийн баяраар авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон хөл хориг ямар журмаар, хэдий хүртэлх хугацаанд тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа аж. Улмаар гаргасан саналаа Улсын онцгой комисст танилцуулах ба УОК өнөөдөр 18:00 цагт хуралдан эцсийн шийдвэрийг гаргах юм байна.
МУИС-ийн Физикийн тэнхмийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих "Хоёрдугаар сарын 6-21-нийг дуустал хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 3000 болж, ачааллаа дийлэхгүйд хүрнэ.
Тэр үед хүнд өвчтөнийг эмчлэх, хөнгөнийг гэрт нь хязгаарлах болж, нийт өвчлөгсдийн хоёр хувь нь амиа алдах тооцоолол бий. Хэрэв хөл хориог 14 хоногоор тогтоовол эмнэлгийн ачааллыг 1000 орчимд барина. Нас баралтын түвшин бага байлгаж чадна” хэмээн тооцоон дээр үндэслэсэн саналаа Ерөнхий сайд, Шадар сайдад танилцуулсан билээ.
Хамгийн гол нь сүүлийн өдрүүдэд Сар шинийнхээ бэлтгэлийг базаах гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Айл хэсч, золгохгүй ч монгол ёс уламжлалаа дээдлэн гэртээ шинэчлэх гэсэн иргэдийг буруутгах аргагүй. Дээр нь өнөө, маргаашгүй хатуу хөл хорио тогтооно гэсэн сургаар наана нь амжуулах гэж иргэд ийнхүү бужигнаж эхэлжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)