Монгол Улсын Засгийн газар хуралдаж байна. Хуралдааны эхэнд цахим засаглалын шилжилт буюу төрийн хүнд суртлыг халах зорилгоор хийж буй E Mongolia ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайд танилцуулсан байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгжид зориулж 180 гаруй үйлчилгээг цахимаар, нэг цонхоор үзүүлж байгаа хөтөлбөр юм. Цаашид 540 гаруй үйлчилгээг нэгтгэж, иргэдийн цаг, санхүүг хэмнэхээр ажиллаж буй гээд Ерөнхий сайд нэг санаа зорилготойгоор дэмжин ажиллахыг танхимын сайд нараасаа хүсчээ.
Засгийн газар үргэлжлэн шат дараатай асуудлууд хэлэлцэн шийдээд явах ба хамгийн гол нь Цагаан сараар хатуу хөл хорио тогтоох эсэх, тогтоовол ямар хугацаатай гэдгийг эцэслэн шийдвэрлэх юм.
Өчигдөр орой Нийслэл болоод Улсын онцгой комисс хуралдан тодорхой шийдэлд хүрэлгүй, санал зөрөлдөн тарсан гэх мэдээлэл бий. Холбогдох албаныхан 14-16 хоног хатуу хөл хорио тогтоож байж халдварыг тогтоон барьж, эрсдлээс сэргийлж чадна хэмээж байгаа бол УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан олон хоногоор хатуу хөл хорио тогтоосноор дөнгөж хөл дээрээ тэнцэн ядан босох гэж оролдож байгаа хувийн хэвшлүүдээ бүрмөсөн татан унагана хэмээн эсрэг байр суурьтай байгаа гэх мэдээлэл бий.
Ямартай ч, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргана.
У.Тэргэл