Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат нар Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөлөлтэй уулзжээ.
Тус холбооноос газар тариалангийн бүтээмжийг нэмэгдүүлэх, энэ салбарын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр салбарын сайдад хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ уламжилж, бодлогын дэмжлэг хүсэж буйгаа илэрхийлсэн байна.
Салбарын сайдын зүгээс тариаланчдад тулгарч байгаа гол асуудлуудад анхаарахын зэрэгцээ улаанбуудайн арилжааг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан зохион байгуулахыг онцолжээ. Улаанбуудайн арилжааг биржээр дамжуулж явуулснаар тариаланч өөрөө үнээ тогтоох боломж бүрдэх юм байна. Түүнчлэн чанарын шаардлага хангасан улаанбуудай авахын тулд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн агуулахыг ашиглах нь зүйтэй хэмээн үзэж, энэ чиглэлд цогц шийдэл гарган ажиллах нь чухал болохыг онцолжээ.
Тариалан эрхлэлттэй холбоотой бас нэгэн чухал асуудал болох хөрс, үрийн асуудалд анхаарч хөрсөндөө үржил шим өгөх, хөдөө аж ахуйн техникийн элэгдэл тооцох хугацааг багасгах, хүнсний агуулах ложистикийн төв байгуулах төслийн ажлыг хурдасгана гэдгээ З.Мэндсайхан сайд хэлсэн байна. Мөн Монголбанк болон Хөгжлийн банкны санхүүгийн эх үүсвэрээс тариаланчиддаа олгоход анхаарч бодлогоор дэмжин, цаашид Монголын тариаланчдын үндэсний холбоотой нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.