Хуучнаар Улсын төв театрын жүжигчин Д.Чимэд-Осор, Е.Гомбодорж нар 1946
онд "Жүжигчний ажиллагаа" хэмээх жүжигчний уран чадварын анхны сурах
бичгийг бичиж байсан билээ.

Хуучнаар Улсын төв театрын жүжигчин Д.Чимэд-Осор, Е.Гомбодорж нар 1946 онд "Жүжигчний ажиллагаа" хэмээх жүжигчний уран чадварын анхны сурах бичгийг бичиж байсан билээ. 1940-1980 оны хоорондох бүхий л уран бүтээлчид энэ номоос суралцаж ирсэн гэдэг. Өнөө жил ардын жүжигчин Д.Чимэд-Осор агсны мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа юм. Энэ хүрээнд дээрх номыг ахин хэвлүүлжээ. Жүжигчин хэрхэн дүр бүтээдэг, тайзан дээр ажиллах арга барил, дүрээ боловсруулах тэрчлэн будаг, хувцас, гэрлийг хэрхэн хэрэглэхээс эхлээд уран бүтээлчдэд тулгамддаг бүхий л зүйлсийг жишээ баримттай бичсэнээрээ онцлогтой гэнэ. Номын өмнөтгөлийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуяг бичжээ. Тэрээр "Жүжигчний мэргэжлийн сургалт байгаагүй, одоо хэдийнээ боловсорч төлөвшсөн жүжиглэх урлагийн монгол дэг сургууль үр үндсээ тэлэн бойжиж байсан тэр үед зориг зүрх гарган "Жүжигчний ажиллагаа" номыг бичнэ гэдэг бахархалтай гэхээс өөр юу гэхэв. Үзэл сурталжсан, нэг хэв загвар ноёрхож байсан үед бичсэн гэхэд өнөөдөр уран бүтээлчид, урлагийн сургуулийн багш, оюутнуудын гарын авлага болоод зогсохгүй, театр судлалын салбарт ч судалгааны эх хэрэглэгдэхүүн болохоор үнэт ховор бүтээл юм" хэмээн бичжээ.
Т.Энхэлээ