Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссын хуралдааны үеэр батлагдаагүй мэдээллийг нийгэмд өгөхгүй байхыг сануулжээ.
Хөл хорионы хугацаанд ажиллах салбар чиглэлүүд ямар хуваариар ажиллах тухай УОК-ын шийдвэр гараагүй бөгөөд өнөөдөр болох Засгийн газрын хуралдааны дараа эцэслэгдэнэ гэдгийг НОБГ-ын дарга сануулсан бөгөөд үүнээс өмнө эргэлзээ үүсгэх мэдээлэл өгөхгүй байхыг онцолжээ.
Хоёрдугаар сарын 11-нээс нийслэлд тогтоох Бэлэн байдлын зэрэгт шилжсэн эхний өдрүүдэд худалдаа, үйлчилгээний салбар бүгд ажиллахгүй буюу хүнсний дэлгүүрүүд амарна гэдэг мэдээллийг Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээлсэн. Гэвч энэ нь горим нь батлагдаагүй байсан юм.
УОК-оос хөл хорионы хугацаанд тодорхой хязгаарлалтууд байх ч хүнсний худалдаа, хангамжийг зогсоохгүй болохыг мэдэгдсэн.
Нийслэлийн хэмжээнд хүнсээр хангах 80 сүлжээ дэлгүүр, дүүргүүдийн 151 хүнсний дэлгүүр, 52 зах худалдааны төв, 152 хүнсний үйлдвэр гээд нийт 435 газраас авсан мэдээгээр нийслэл 94 хоногийн махны нөөцтэй байна. Мөн гурил 198, будаа 59, төмс 93, хүнсний ногоо 23 хоногийн нөөцтэй байгаа юм.
Мөн УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу буцаах хугацааг нэг хоногоор сунгасныг НОБГ-ын дарга дүүргүүдийн Онцгой комиссын удирдлагуудад мэдэгдэж, маргааш энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхаарууллаа.