Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийж байна.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр "Одоогоор 14 лаборатори өдөр 40 мянган сорьцыг шинжлэх боломж бүрдсэн. Нэг өрхөөс нэг хүн гэвэл таван дээжийг нэг багц болгож, 80 мянган багц шинжилгээг хийнэ.
Улаанбаатар хотод өмнө нь хоёр удаа хөл хорио тогтоосон. Ингэхдээ идэвхтэй тархалтыг хумьж байгаа ч зогсоох боломжгүй нь харагдсан.
Харин энэ удаад 12 хоногийн хөл хориог голомтын өргөтгөсөн шинжилгээтэйгээр хослуулж хийснээр өсөж буй аюулыг зогсоох боломжтой гэж үзэж байгаа. Ингэж далд байгаа вирус тээж буй иргэдийг илрүүлэхгүй бол гуравдугаар сарын эхэн гэхэд эрүүл мэндийн салбарын ачаалал оргилдоо хүрч, зөвхөн коронавирусний халдвараар хүндэрсэн өвчтөнүүдийг хүлээж авахад хамаг анхаарлаа хандуулж, бусад үйлчилгээгээ явуулж чадахгүйд хүрнэ. Зургаадугаар сард гэхэд 3000 хүн амь насаа алдах эрсдэлтэй байгаа.
Өргөтгөсөн шинжилгээгээр вирус тээж буй 500-1000 орчим иргэнийг илрүүлэх тооцоолол гарсан. Ийнхүү нууц үедээ байгаа иргэдийг илрүүлж чадвал өвчин цаашид тархах, их дэгдэлтийн үеийг өнгөрөөнө. Гурван үе шаттай шинжилгээний ажил явагдана. Эхний ээлжийн төрийн албан хаагчдын шинжилгээг аваад байгаа. Битүүн болон Шиний нэгэн, хоёронд мөн шинжилгээ авч хариуг нь харж байгаад дараагийн гуравдахь ээлжийн шинжилгээг хэрхэн зохион байгуулахаа шийдвэрлэнэ. Хамгийн гол нь л далд байгаа халдварыг тогтоохыг зорьж байгаа. Ингэхгүй бол Эрүүл мэндийн салбар болон төрийн бүхий л үйлчилгээ доголдох эрсдэл өндөр байна" гэлээ.
Р.Алтан
Сэтгэгдэл (4)