Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурлаар “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, суурин болон явуулын шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэргийн талаар хэлэлцжээ.
Улмаар ирэх гурав, дөрөвдүгээр сард сар тутам 10-14 удаа, тодруулбал нийтдээ 20-28 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэн гадаадаас иргэдээ татах бэлтгэл хангахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ. Мөн нислэгийн тасалбарын үнийг хөнгөлөх зохицуулалт хийх, тусгаарлах байрны нөхцөл, үйлчилгээг харгалзан гурван ангилалд хувааж, иргэд өөрсдөө байраа сонгодог байх боломж бүрдүүлнэ.
Цаашид тусгаарлалтын хоногийг багасгаж, гэрт нь тусгаарлаж цахимаар хянах тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзлээ. Хүнсний зах, бөөний төвүүдийг шат дараатай нээж байгаа учир зохиомол үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгав. Хаваржилт хүндэрч байгаа аймгууд болон отроор яваа малчдад өвс, тэжээлийн тусламж, төрийн үйлчилгээг тухай бүр нь хүргэж байхыг аймгуудын Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо. Онцгой комиссын зарим шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэнэ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.