Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдээ уриалж, хамгийн эхний коронавирусийн вакциныг өөртөө тариулахаа илэрхийлсэн. Тэрбээр өнөөдөр 11:30 цагт Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалд хамрагдах бөгөөд өчигдөр Монгол Улсад ирсэн Astrazeneca вакциныг тариулах юм. Ингэснээр Монгол Улсад коронавирусний эсрэг вакцинжуулалтын ажил албан ёсоор эхэлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Коронавирусийн эсрэг вакцины хамгийн эхний тунг би өөрөө хийлгэж, иргэддээ уриална. Хоёрдугаар эмнэлэг, Төрийн тусгай гээд олон хүн Ерөнхий сайдын аюулгүй байдлыг хянадаг системтэй юм билээ, үүнийг саяхан би ойлгосон. Тийм учраас Ерөнхий сайд хийлгэнэ гэдэг нь бусад хүнд асуудалгүй, манай эрүүл мэндийн систем мэдээж 100 хувь баталгаа өгч байж хийлгэнэ" хэмээж байсан билээ.
Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд хоёрдугаарт хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриалах юм.
Манай улсад одоогоор БНЭУ-аас "АстраЗенека", БНХАУ-аас "Синафарм" вакцин орж ирээд байгаа. Эхний ээлжинд ДЭМБ-аас зөвшөөрсөн БНЭУ-ын "АстраЗенека" вакциныг хэрэглэх бөгөөд БНХАУ-аас "Синафарм" вакцины зөвшөөрөл гарсныг дараагаар дархлаажуулалтад ашиглана гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцолсон.
Б.Баатар
Сэтгэгдэл (9)