
Тухайн үед хэвлэлээр тэднийг хувийн харьцаатай байсан. Тэгээд Э нь жирэмсэн болсон учраас түүнийгээ Ж.Нэргүйд хэлсэн. Харин Ж.Нэргүй нь эхнэр хүүхэдтэй байсан бөгөөд эхнэртээ баригдахгүйн тулд Э-гийн амь насыг хөнөөсөн хэмээн бичиж байв. Гэвч Э-гийн найз “Хэвлэлээр найзыг маань нэг залуутай хувийн харилцаатай байж байгаад жирэмсэн болсон. Нөгөө залуу нь эхнэр хүүхдээсээ нуух гээд амийг нь хөнөөсөн хэмээн бичсэн байна лээ. Миний хувьд итгэхгүй байна. Найз маань эхнэр хүүхэдтэй хүнтэй харилцаа тогтоох нь битгий хэл, найз залуу ч үгүй байсан. Ер нь эрэгтэй хүнтэй холбоогүй байсан. Үүнийг бусад найзууд нь ч мэднэ. Хэрвээ үнэн байлаа гэж бодоход миний найз эхнэр хүүхэдтэй хүн дээр очоод "Би жирэмсэн. Энэ хүүхдийг гаргана" гэж хэлэхээр ухаан муутай хүн биш” хэмээн ярилцлага өгч байлаа.
Харин талийгаач Э-гийн аав Г.Молотов “Охин минь гэрээсээ гараад сураггүй болчихоор нь цагдаагийн байгууллагад хандан эрэн сурвалжилсан. Бүр олдохгүй болохоор нь таньж мэддэг бүх хүнийхээ машин, таксигаар ес хоног хайсны эцэст алуурчин Ж.Нэргүйгийн жорлонгоос олсон. Тэрээр миний охиныг алчихаад гар утсыг нь эхнэрийнхээ дүүд 20 мянган төгрөгөөр зараад таксигаар халтуур хийгээд явж байсан. Охиныхоо утасны ярьсан дугаараар хөөн Ж.Нэргүйг Офицеруудын ордны хажууханд баривчилсан. Энэ хэрэг чинь зургаан сард гарсан шүү дээ. Охин маань есөн сард нь Нийслэлийн 79-р дунд сургуульд багшлах гэж байсан. Тэгээд зүгээр суухаар гээд “Мөнх замбала” гэдэг компанид түр хугацаагаар мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан. Тэр компанид ажиллаад 14 хонож байсан юм. Алуурчин Ж.Нэргүй тэр үед л манай охиныг зүс таньдаг болсон гэсэн. Тухайн өдөр охин маань гэртээ байхад нь Ж.Нэргүй утсаар залгаж, дарамталсаар байгаад гэрээс нь дуудаж гаргаад “халтуур” хийдэг машиндаа хүчээр суулган авч явсан байгаа юм. Утасны биллээс харахад тэр өдөр манай охин руу 10 удаа залгасан байдаг юм билээ. Тэгээд манай охинтой уулзаад хэрэг үйлдэх үедээ өөр хэн рүү ч яриагүй байдаг. Өдрийн 16 цагаас эхлэн 22.00 цаг хүртэл тарчлаасан гэсэн. Тэгээд миний охиныг зодож, балмадаар хүчиндсэн байгаа юм” гэсэн юм.
Харин Ж.Нэргүй нь мөрдөн байцаалтын явцад “Хүчиндчихээд явуулах гэсэн чинь хүнд хэлнэ гэхээр нь алчихсан. Шуудайнд хийгээд жорлон руу шидэхэд дуу нь гарч байсан. Тэгээд өтгөнд цогцос нь далдлагдахгүй болохоор хашаандаа байсан үртсээр булсан” хэмээн мэдүүлж байжээ.
Мөн задлан шинжилгээний дүгнэлтээр ч Ж.Нэргүйгийн үрийн шингэн болох нь тогтоогдож, ховч ясыг хугалсан тул үхэлд хүргэсэн гэж гарчээ.

Харин энэ сарын 10-нд болсон шүүх хурлын үеэр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Алимаа нь 91.2.2-оос бусад зүйл ангийг нь хассан байна. Тус зүйл ангид танхайн сэдэлтээр хүний амь хөнөөсөн бол 10-15 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг билээ. Тиймээс талийгаач Э-гийн аав Г.Молотов бүр болохгүй бол уг асуудлаар МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Тэрээр мөн “Ж.Нэргүй гэгч алуурчин нөхрийн төрсөн ах нь Дорнод аймгийн шүүгч Ж.Наранбаатар гэж хүн байдаг. Харин аавынх нь дүү нь УИХ-ын гишүүн асан Р.Буд байгаа юм. Хэрэг гарснаас хойш 1.3 жил өнгөрөөд байхад энэ хэрэг шийдэгдээгүй. Тэгэхээр энэ хоёр хүн их нөлөөлж байгаа” хэмээн ярьсан билээ.
Юутай ч уг хэрэгт Ж.Нэргүйг сэжиглэн, түүнийг өнөөдөр шүүхээр болоод байгаа юм. Хурал Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас болно. Хуралд даргалагч шүүгчээр С.Пүрэвсүрэн, шүүгдэгч Ж.Нэргүйгийн өмгөөлөгчөөр Н.Тунгалаг, Н.Эрдэнэбат, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Сосорбарам, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Алимаа нар оролцох юм. Тэрээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа билээ.
Талийгаач Э нь 1988 онд төрсөн. Боловсролын их сургуулийн компьютер, англи хэлний багшийн ангийг төгсжээ. Тэрээр Нийслэлийн 79-р дунд сургуульд багшлана хэмээн төлөвлөөд байсан ч ийнхүү амиа алдсан байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)