УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Монгол Улсад хүний эрхийн ноцтой зөрчигдсөн талаар хаврын чуулган эхэлсэн энэ өдөр мэдээлэл хийж байна. Монгол Улсад хүний эрхийн зөрчил болох С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон, ял эдлэж буй Т.Чимгээтэй холбоотой асуудлаар УИХ дахь хүний эрхийн дэд хороо болон УИХ-ын гишүүд мэдээлэл хийж байна.
Үндсэн хуульд хэнийг ч эрүүдэн шүүж, хүнлэг бусаар ял тулгахыг хориглоно гэж заасан байгаа. Гэтэл Монгол Улсын олон улсад хүлээсэн үүрэг болоод Үндсэн хууль, бусад хуульд заасан холбогдох хуулиудыг зөрчсөн гэж үзэж байгаа юм.
Иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн видео бичлэг нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээс тусдаа бөгөөд түүнийг эрүүдэн шүүсэн явдал нь хууль зөрчсөн, хүний эрхийн зөрчил гэж үзэж байгаа юм. Тиймээс УИХ бүрэн эрхийнхээ хүрээд дээрх асуудлаар хүний эрхийн зөрчлийн талаар нийтийн сонсгол хийх хүсэлтээ УИХ-д өргөн барих гэж байна. Шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх болон бусад хуулийн заалтыг өөрчлөх асуудал болоод эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага тооцохыг шаардах болно" гэлээ.
Б.Баатар