Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 23 настай эмэгтэй Э-г хүчиндэж хөнөөгөөд жорлонгийнхоо нүхэнд хаясан Ж.Нэргүйг Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүж эхлээд байгаа. Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.2-т зааснаар танхайн сэдлээр хүний амь нас хөнөөсөн хэргээр буруутгаж шүүж эхэлсэн. Гэвч талийгаач охины аав Г.Молотов танхайн сэдлээр хүний амийг хөнөөсөн гэсэн ганцхан зүйл ангиар шүүх нь буруу хэмээн үзэж байгаа юм. Шүүх хурлын өмнө талийгаач Э-гийн аав Г.Молотовоос дараах асуултад хариулт авлаа. -Ж.Нэргүйг 91.2.2 гэсэн зүйл ангиар шүүж байгааг та эсэргүүцэж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Анх Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 91.1-т зааснаар буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан хэмээх зүйл ангиар шалгаж эхэлсэн. Гэвч ганцхан 91.1-ээр зүйлчлэн шалгах нь буруу хэмээн би УЕПГ-ын дарга Д.Дорлигжавт танилцуулсан. Тэгээд Д.Дорлигжав дарга энэ бол ганцхан заалтаар зүйлчлэх хэрэг биш. Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.2, 91.2.6, 91.2.15, 126.1 зэрэг заалтуудаар зүйлчлэх хэрэгтэй хэмээн прокуруудад хэлсэн. Гэвч энэ сарын 10-нд болсон шүүх хурлын үеэр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алимаа нь 91.2.2-оос бусад зүйл ангийг нь хассан байна. Тэр хүн хүчингийн хэрэг үйлдсэнийг тогтоосон шүү дээ. Гэтэл ганцхан танхайн сэдлээр хүний амь нас хөнөөсөн гээд шүүж байна.
-Тэгээд та уг асуудлаар УПЕГ-ын дарга Д.Дорлигжавт дахин хандсан уу?
-Үгүй. Юу ч гэсэн өнөөдөр анхан шатны шүүхийн шийдвэр хэрхэн гарах нь уу харна. Түүнээс шалтгаалж дараагийн алхамаа хийнэ. Хэрвээ алуурчин Ж.Нэргүй ял завших гээд ер нь Ж.Нэргүйд ашигтай шийдвэр гарвал дараагийн алхамаа хийнэ.
-Давж заалдах шатны шүүхэд хандах уу?
-Тийм. Дараа дараагийн шатны шүүхэд хандах болно.
-Та олон зүйл ангийг С.Алимаа прокурор ганцхан болгосон гэсэн. Энэ хэрэг анхнаасаа С.Алимаа прокурорт хянагдаж байсан юмуу?
-Үгүй. Баянзүрх дүүргийн прокурор Н.Тунгалагбуянт прокурор хянаж байсан. Гэтэл Нийслэлийн прокуророос С.Алимаа прокурор татаж авсан байна лээ.
-Танай гэрийнхэнтэй шүүгдэгчийн ар гэрийнхнээс уулзсан уу?
-Үгүй. Ерөөсөө уулзаж байгаагүй. Мэдэхгүй. Тэр хүмүүсийг.
Б.Чимэг



















































