УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Ц.Мөнхцэцэг гишүүн “С.Зориг агсны амь насыг хохироосон болон иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудал нь Монгол Улсад хүний эрхийн ноцтой зөрчил байгаад байгаагийн баталгаа. Харамсалтай нь, энэ хэрэг шийдэгдэхгүй байгаа шалтгаан болон энэ хэргийн талаар дуугарсан, тухайн хохирогчийн өмгөөлөгч зэрэг хүмүүст аюул занал байгаад байна.
Тиймээс энэ хууль хүний эрхийн төлөө зүтгэж байгаа хүмүүсийн аюулгүйн баталгаа, эрх зүйн орчныг бий болгох учраас хүний эрхийн тэмцэгчид зоригтой дуугарах болно.
Хүний эрхийн зөрчлийг багасгах, гарахгүй байхад зориулсан шинэ хууль юм. Хүний эрхийг хамгаалах хорооны бүрэлдэхүүнийн нээлттэй сонгон шалгаруулалтаар бүрдүүлнэ. Ингэхдээ нэг ангийн болон танилуудыг хороонд багтаахгүй байх тал дээр анхаарна” гэлээ.
Б.Лхам