С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат Сүхбаатарын талбайд өчигдрөөс өлсгөлөн зарлаад байгаа билээ. Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр түүнтэй очиж уулзан өлсгөлөнгөө зогсоохыг хүсэхэд Т.Хүрэлбат хэргийг эцэслэн шийдтэл өлсгөлөнгөө зогсоохгүй хэмээлээ.
Х.Нямбаатар сайд “Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Улсын Дээд шүүхийн шүүгч Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 31-ны өдөр хуралдана” гэлээ. Тиймээс Дээд шүүхийн шийдвэр гартал өлсгөлөнгөө түр зогсоохыг хүссэн юм. Цаашлаад Улсын Дээд шүүх Т.Чимгээгийн гэм буруутай эсэхийн тухайд биш харин түүнийг эрүүдэн шүүж, гүйцэтгэх ажиллагаа явуулсантай холбоотой олон нийтэд ил болсон шинээр нотлох баримт үүссэнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана гэдгийг ч онцоллоо. Мөн энэ үеэрээ цагдаагийн алба хаагчидтай уулзаж, өлсгөлөн зарлаж буй Т.Хүрэлбатын аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээ авахыг үүрэгдлээ.
У.Тэргэл