УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, УИХ-ын гишүүн Т.Доржхандын Монгол Улсын Ерөнхий сайдад хандан "Covid-19 цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонсч буй юм.
Т.Доржханд гишүүний асуулгад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ талаар “Гадаад харилцааны яам “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн. Үүндээ эх орондоо ирэх хүсэлтэй иргэдэд тавьдаг байсан олон шалгуурыг хялбаршуулж, иргэдийг татан авах төлөвлөгөө хуваарийн талаар санал боловсруулах, гадаад улстай дипломат шугамаар тохиролцох, нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийг үе шаттай зохион байгуулж татан авах, тусгай үүргийн нислэгийг цуцалсан тохиолдолд орон байр, хоол зэрэг зайлшгүй шаардлагатай хэрэгцээг хангах, мөнгөн тусламж үзүүлэх зэрэг заалтуудыг оруулсан. Өнөөдрийн байдлаар тусгай үүргийн нислэг болон газраар нийт 31168 иргэнээ татан аваавд байна.
Тусгаарлалтын хоногийг бууруулж, нислэгийн тоог нэмэгдүүлж, гадаадын агаарын тээврийн нислэгийг шат дараатай сэргээж байна. Ингэснээр яаралтай нутаг буцах хүсэлтэй бүх иргэнээ тавдугаар сарын 1 гэхэд эх орондоо ирүүлнэ. Түүнчлэн Улсын онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу “МИАТ” компани нислэгийн тийзийн үнээ гуравдугаар сарын 1-нээс 15 хувь бууруулсан. Цаашид Монгол Улсын хилийг тавдугаар сарын 1-ээс эхлэн шат дараатай нээх тул тавдугаар сараас тусгай үүргийн нислэгийг зогсоож, тогтмол хуваарьт нислэг рүү шилжүүлнэ. Дөрөвдүгээр сард зарласан тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд тийзээ шууд худалдаж авна” гэв.
У.Тэргэл