Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олголтын явцтай танилцлаа.
Тэрбээр “Нарантуул” худалдааны төвийн Хаан Банкны салбарт ажиллан, зээлдэгч болон банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, тэдний саналыг сонслоо. Өнөөдрийн байдлаар тус салбарт нийт 1.6 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр 35 зээлдэгчид зээлээр олгожээ. Зээлдэгчдийн төлөөлөл “Нарантуул” худалдааны төвд жимс худалдаалдаг иргэн “Ч” гэхэд ажлын байраа тогтвортой хадгалж, эргэлтийн хөрөнгөө өсгөх зорилгоор 3 хувийн хүүтэй зээлд хамрагдаж байгаа аж. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ бодлого иргэд болон хувийн бичил бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болж байна гэдгийг тэрээр хэлж байлаа.
Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, ажлын байрыг бүрдүүлэгч, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх ажлын байрыг хадгалах, дэмжих зорилгоор 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 3 хувийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээлийн хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хүрээнд бизнес эрхлэгч иргэнд 50 хүртэлх сая, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар олгож байгаа юм.