Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр 17.00 цагаас товложээ. Энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэх ба УОК өглөө хуралдаж, гаргасан санал хүсэлтээ Засгийн газарт мөн танилцуулах юм байна.
Өнгөрөгч баасан гаригт УОК хуралдаж, "Дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл Гамшгийн үеийн "улбар шар" түвшиндээ үлдэх, энэ хугацаанд нөхцөл байдал хүндэрвэл "улаан" түвшинд орж, бүх нийтийн хөл хорионд шилжих нөхцөл байдал үүснэ" гэдгийг Шадар сайд С.Амарсайхан тодотгосон. Цаашлаад Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Завхан, Орхон, Хөвсгөл, Хэнтий, Увс, Өвөрхангай аймгуудыг гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 11-ны өдрийг хүртэл "улаан" түвшинд шилжүүлэх шийдвэрийг гаргасан юм.