Хавар болж Төв талбай эзэнтэй болжээ. Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр хоёр, гурван үйл явдал болсон тул тус газрыг зорив. Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар Улаанбаатарт хотод хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, судлаж үзэхийг Хотын даргаас шаардсан бол Монголын Залуучуудын холбооноос Монголбанкны хар жагсаалтыг эсэргүүцэн, үзэл бодлоо илэрхийлэв. Мөн С.Зориг агсны хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонссон Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат нойтон өлсгөлөн зарлаж буй гээд Төв талбай хөл хөдөлгөөн ихтэй байна.
ДИТХ-ын төлөөлөгч Б.Жагар, МХЗ-ны хар жагсаалтын эсрэг тэмцлийг дэмжиж буй иргэд нэлээд байв. Тэд өөр өөрсдийн сувгаар мэдээллийг олон нийтэд хүргэж, энд тэнд лайв мэдээлэл хийж, зарим нь иргэдийн гарын үсгийг цуглуулж, хэвлэлд ярилцлага өгч байлаа. Тэд олуулаа. Цагдаагийн байгууллага ч тэднийг анхааралдаа авсан нь илт.
Харин Д.Сүхбаатарын хөшөөний ард жижиг майхан, түүнийг нь тойрсон хэдхэн хүн. Улс төр хүчтэй, иргэн хүчгүй гэдэг үгний учир энд харагдах шиг. Тэр ганцаараа. Төрсөн дүүгийнхээ төлөө тэмцэж буй иргэн Т.Хүрэлбатыг "Нэхүүл" хөдөлгөөнийхөн л анхааралдаа авч, түүнийг хамгаалж зогсох. Харин ганц нэгэн иргэн зорьж очиж, түүнд сэтгэлийн дэм өгч байгаа харагдав.
ДИТХ-ын төлөөлөгч Б.Жагар нар олуулаа, харин Т.Чимгээгийн ах ганцаараа тэмцэж байна. Манай нийгмийн нүцгэн үнэн энэ гэлтэй.
Б.Баатар